Д.Эрдэнэбат, Б.Болор нар өнөөдөр давж заалдана

Д.Эрдэнэбат, Б.Болор нар өнөөдөр давж заалдана

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр болсон билээ. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгасан. 

Шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг гэм буруутайд тооцсон бол шүүгдэгч Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. 

Шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан билээ. 

Шүүгдэгчдийн тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.