Леди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулна

Леди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулна

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслол Вашингтонд маргааш болно. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Байден орон нутгийнхаар лхагва гаргийн 12:00 цагт тангараг өргөнө. Ёслолын сэдэв нь “Нэгдсэн Америк”. Цагаан ордон энэ талаар “Америкчуудын сэтгэлийг сэргээж, улс орноо нэгтгэж, гэрэлт ирээдүйд хүрэх замыг засах үндэстний шинэ аяны эхлэлийг тусгасан” гэж мэдэгдсэн юм. 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд урьд өмнөхөөс олон урлаг соёлын алдартан оролцох аж. Нээлтийн үеэр Леди Гага АНУ-ын төрийн дууллыг, Женнифер Лопес шоу тоглолтоо хийнэ. “Foo Fighters”, Жон Легенд, Брюс Спрингстин нар алсын зайнаас тоглолтоо хүргэх бөгөөд ёслолыг жүжигчин Эва Лонгория, Керри Вашингтон нар хөтлөх юм байна. Мөн Том Хэнксийн зохион байгуулсан 90 минутын нэвтрүүлгийг томоохон телевизийн сувгууд нэгэн зэрэг цацахаар хөтөлбөртөө тусгажээ. Энэхүү нэвтрүүлэгт Жастин Тимберлейк, Жон Бон Жови, Деми Ловато нар оролцоно. Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээрээ онцлог.той байлаа АНУ-ын түүхэнд ийм явдал болж байгаагүй юм. “ABC News” зэрэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар Дональд Трампыг одоогийн дэд Ерөнхийлөгч Майк Пенс орлоно. Гэхдээ АНУ-ын төрийн тэргүүн асан Барак Обама, Билл Клинтон, Жорж Буш нар ёслолд оролцохоо мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, хүү Буш Бүгд найрамдах намын төлөөлөл болжээ. Ёслолын дараа тэд Жо Байдены хамт Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Энэ нь хоёр нам (Байден, Обама, Клинтон нар Ардчилсан нам, Буш Бүгд найрамдах нам) хамтран улсаа нэгтгэж буйн илэрхийлэл юм. Олон нийтийн эсэргүүцлийн жагсаалаас урьдчилан сэргийлэхийн тулд Капитолийн болон Цагаан ордны бүсэд болох бүх арга хэмжээг цуцалжээ. “NBC News” сувгийн мэдээлснээр тангараг өргөх ёслолд оролцох цөөн хүнд урилга илгээсэн байна. АНУ-д суугаа дипломат төлөөлөгчдөөс Британийн Элчин сайд Карен Пирсийг ёслолын хүндэт зочноор урьжээ. Жозеф Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараах гадаад айлчлалаа Их Британиас эхлүүлж магадгүй. “Daily Telegraph” сонинд бичсэнээр Байден цар тахал намжтал улсынхаа дотоод бодлогод түлхүү анхаарал хандуулна. 

Түүний анхны гадаад айлчлал Корнуоллд болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалттай давхцах бололтой. Их Британи Брюсселийг орхисноор Вашингтон, Лондоны харилцаа суларна гэж шинжээчид таамаглаж байсан. Харин Жо Байдентай харилцаагаа зузаатгавал Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсоны хувьд томоохон дипломат амжилт болно. Ирланд угсаагаараа бахархдаг, Дублинтай нягт холбоотой байдаг Байден БРЕКСИТ-ийг эсэргүүцэж байсан. Английн улс төрийн тоймчид Цагаан ордны шинэ тэргүүний Б.Жонсонтой харьцах хандлага “сэрүүвтэр” байна гэж таамаглаж байв. Байден нэгэн ярилцлагадаа Борис Жонсоныг “Бие, сэтгэхүйн хувьд Трампын хувилбар” гэсэн байдаг. Байдены ойрын хүрээлэгчийн хэлснээр Америкийн шинэ удирдагч Вашингтон, Лондоны “тусгай” гэгддэг харилцааг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна. Мөн “Daily Telegraph” сонинд Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб ойрын хугацаанд АНУ-д айлчилж магадгүй гэжээ.