Хүнлэг бус "ХҮЧИРХИЙЛЭГЧ" сэтгэлээтэй төрийн алба

Хүнлэг бус "ХҮЧИРХИЙЛЭГЧ" сэтгэлээтэй төрийн алба

Үндсэн хуулиндаа хүмүүнлэгч ардчилсан нийгмийн цогцлоох тухай тунхаглаж өгсөн улс бол МОНГОЛ. Гэтэл өнөөх хүнлэг, энэрэнгүй нийгмийн цогцлоох, түүчээлэх үүрэгтэй хүмүүс нь төрийн албан хаагч нар. Гэтэл тэдэнд иргэнтэй зөв боловсон харилцах, хүмүүнлэг, хүнлэг, энэрэнгүй байх тухай энгийн ойлголт алга. 

Хуучин нийгэмд цагдаа, хүчний байгууллага ямар зарчмаар ажиллаж, яаж хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг байсан тэр л жишиг өнөөдөр ч оршин тогтнож, өв уламжлагдан ирчихсэн мэт авир цагдаа, хүчний байгууллагаас байнга гардаг. Хэн нэгэн иргэнийг саатуулах, байцаах бол хэрхэн харилцах, ямар тэс дараалалтайгаар ажиллах, яаж хүмүүнлэг, хүнлэг, энэрэнгүй хандах тухай ойлголт алга. Харин ч зандарсан, загнасан, омогдсон, орилсон, айлгасан, сүрдүүлсэн, эр бяраа гаргасан хэлбэрээр иргэнээ номхруулж авах тухай л ойлголтыг цагдаа, хүчний байгууллагынхан ой тоондоо ойлгоод авчихсан аятай аяаглах нь эмгэнэлтэй. Цагдаад гомдож, цагдаад дээрэлхүүлж, цагдаад чичлүүлж, цагдаад хааралгаж, цагдаагаас айхдаа хэрэг хүлээсэн гэх олон хүний гомдол цөхрөл нийгэмд дуулддаг. Гэвч ийм л байх ёстой мэтээр цагдаа хүчнийхэн асуудлыг нам дарж ирсэн билээ. Иргэдийн дунд байдаг явган батлагдаагүй цуу ярианы нэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн тодорхой хувь нь цагдаагийнхан байдаг гэх цуурхал юм. Хэдийгээр тоо баримтаар тодорхой мэдээлэл байхгүй ч гэсэн олны үг оргүй хоосон зүйл биш байж мэдэх юм. Тэгэхээр цагдаагийн байгууллага албан хаагчдаа ухамсарлуулах, иргэнтэй зөв боловсон харилцах, хүмүүнлэг, хүнлэг энэрэнгүй зан суртахуунд сургах зайлшгүй шаардлага байна. 

Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэх нэрээр аливаа зүйл хумигдаж, зарим эрх чөлөө хязгаарлагдаж байна. Гэсэн ч ардчилсан нийгэмд байх ёстой нэг баталгаат эрх бол иргэн аюулгүй, эрүүл мэндээ хамгаалуулсан үйлчилгээг төрөөс хүртэх эрхтэй. Гэтэл энэ эрхийг хамгийн ихээр бүдүүлгээр зөрчиж буй хүмүүс нь өнөөх л түүчээ болох ёстой Төрийн албан хаагч нар болчихжээ. 

Хөдөөнөөс хотын зорьж ирээд биеэ үзүүлж, эмчилгээ хийлгэх гэсэн иргэнийг Улаанбаатар хотруу нэвтрэх товчноон дээр хэдэн цаг саатуулж, амь насыг нь хохироох зүрх төрийн албан хаагчаас л гарав. Хүнд суртал, хэтэрхий ялаархсан хандлага нь УОК-ын ажилдаа хандаж буй хандлага, хариуцлага гэгчийг үл тоосон үйлдэл бүхнээс нь харагдаж, хүний аминд хүртэл хүрсэн жишээ дээрх билээ. Өнөөдөр энэ асуудалд хэн ямар хариуцлага хүлээсэн тухай өгүүлбэр ч алга. 

Дээрх жишээтэй төстэй ч мөн л өнөөх PCR шинжилгээний хариу хүлээсээр нас барсан эмгэнэлт үйл явдал болсон. Сэлэнгэ аймгийн Баруун хараагаас Улаанбаатарт ирж, эмчилгээ хийлгэх гэж байсан 10настай охин нас барсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Бас л үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр асуудлыг хав дараад өнгөрөв. Шинжилгээний хариу ирэхээс өмнө эмчилгээ эхлүүлж, амь насыг нь аврах сэтгэл зүрх өнөөх л төрийн албан хаагч нэртэй халаад нөмөрсөн эмч нараас гарав. Яагаад!!!

Өчигдөр ковид-19 өвчнөөр өвчилсөн гэх дөнгөж амаржсан эхийг нярай хүүхдийн хамт нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт шилжүүлж буй үйл явц олны бухимдлыг төрүүлэв. Бас л хүнлэг сэтгэл хүн чанар төрийн албан хаагч нэртэй, түмний өмнө нэг л их ажил хийчихсэн мэт ялаархаж буй ямба нь ихдэж, ял нь хөнгөдсөн нөхдөөс илрэв. Хариуцлага гэхээр зөөвөрлөсөн эмч, жолооч нартай яриад өнгөрөх тухай ам уралдах болов. Хэн нэгнийг ажлаас нь халаад энэ шийдэгдэхгүй. 

Төрийн албаны хүн бүрт тархинд нь хүнлэг, энэрэнгүй, хүмүүнлэг байх арга ухааныг суулгаж өгөхгүй л бол дээрх асуудал шийдэгдэхгүй. Харин ч илүү их зөрчил, элдэв хэрэг гарсаар байх болно. Та бидний мэдээгүй хэчнээн ийм хэрэг гарч, хэрхэн дарагдаж өнгөрч буй юм билээ.