У.Хүрэлсүх ажлаа өгвөл дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яригдаж эхэллээ

У.Хүрэлсүх ажлаа өгвөл дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яригдаж эхэллээ

Монгол Улсын засгийн газар ганцхан хоногийн дотор өөрчлөгдөх болчихов. Таавчигтай эмнэлэг дамжсан эмэгтэйгээс эхлэлтэй улс төр зөвхөн хоёр сайдыг огцруулаад дуусахгүй. Хоёр сайдаа огцруулж байхаар бөөндөө ажлаа өгчихөе гэдэг сонголтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийджээ. Нэгэнт өндөр авсан улс төрийг өөрөөсөө холдуулахыг тэр хүсээгүй бололтой. 

У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл галыг өөрөө дээрээ авч байхаар өөрөөсөө холдуулчих бодолтой яваа нь ийнхүү ил болов. Түүний хувьд нэр цэвэр, мөр бүтэн дээрээ өөрөө өргөдлөө өгөөд асуудлаа шийдүүлчих нь амар гэж тооцжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны 6 дугаар сарын 9 өдөр болно. Тэр болтол засгийн газарт ажиллахгүй, галыг өөртөө дуудахгүй явж байгаад сонгуульд орж ялалт байгуулах сонирхол нь бий болсон бололтой. 

Нэгэнт У.Хүрэлсүх ажлаа өгөх нь тодорхой болчихлоо. Түүнийг орлох улс төрч нь хэн бэ? гэдэг хамгийн анхаарал татаж байна. Одоо танхимд нь байгаа гэдэг утгаараа Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр яригдаж буй. Гэвч эдгээр сайдууд өмнөх засагт байсан. Энэ засагт ч бас байгаа учраас бялуу хуваалтын нэгдүгээрт бичигдэхгүй гэдэг зарчим МАН-ын түвшинд хөндөгдөөд эхэлсэн байна. Тэгэхээр шууд Ерөнхий сайдын өрсөлдөөнд Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарын нэр бичигдэхгүй бололтой. 

Ерөнхий сайдад хүчтэй яригдах улс төрчөөр Г.Занданшатар нэрлэгдэж байна. УИХ-ын даргаар ажиллаж буй түүний хувьд У.Хүрэлсүхтэй ойр. Олон жил шадарлаж ирсэн. Мөн У.Хүрэлсүхийн үгээр ажиллах хүн гэж харж буй учраас магадлал маш өндөр гэж үзэж байна. У.ХҮрэлсүхийн санал болгох хүмүүсийг сайдаар үлдээх боломжтой улс төрч гэж тэр тооцож буй бололтой. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох магадлалтай. Гэхдээ түүнд ганцхан бэрхшээл байгаа нь УИХ-ын гишүүн биш. Гэхдээ нам дотроо нөлөөтэй, намынхаа бүхий л шатанд өөрийнхөө гар хөлийг бат суулгаж чадсан. Мөн Улс төрч ч түүний талын хүрээлэл томоор хэмжигдэнэ. Энэ бүхнээс харах юм бол давхар бус дан дээлтэй Ерөнхий сайд болох боломж түүнд байна. Учир нь Д.Амарбаясгалан нь У.Хүрэлсүхийн дан дээлтэй Ерөнхий сайд болгох ажилд далдуур маш үүрэг гүйцэтгэж байсан. Энэ туршлага нь түүнийг Ерөнхий сайд болгох боломжтой гэж харж байгаа гэнэ. 

Ийнхүү Монгол улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч, орыг нь залгах засгийн газар удахгүй бүрэлдэх нь байна. Уг бүрэлдэхүүнд багтах дараагийн сайд нар У.Хүрэлсүхийн танхим дотроос 50 хувь гэдэг мэдээлэл ч давхар гараад эхэллээ.