Ардчилсан намын гишүүд мэдэгдэл гаргаж С.Эрдэнэ, Ц.Туваан нарт хандлаа

Ардчилсан намын гишүүд мэдэгдэл гаргаж С.Эрдэнэ, Ц.Туваан нарт хандлаа

МЭДЭГДЭЛ

“Ковид-19” цар тахал дэгдсэн сүүлийн нэг жилийн хугацаанд түүнийг даван туулах ил тод, ойлгомжтой төлөвлөгөө эрх баригчдад байсангүй. Иргэд төрөөс гаргасан бүх шийдвэрийг хүлээцтэй биелүүлсээр ирсэн ч “Дотооддоо алдаагүй” гэх хоосон бахархлын ард бэлтгэлгүй, хариуцлагагүй, уялдаагүй, ойлгомжгүй, хүний эрх зөрчсөн асуудлууд бугшиж ирлээ.

Өнөөдөр Монгол орон ардчилал зах зээлийн орон биш халамжийн орон болжээ. Өрсөлдөх чадваргүй, тэмцэх тэнхэлгүй, төрийн гар, даргын бэлэг хүлээсэн улс болжээ. Хаант, социализм, капиталист аль ч тогтолцоо хөдөлмөрлөсөндөө биш хавтгайрсан халамжиндаа мөхсөөр ирсэн. Хөдөлмөрлөдөггүй улсыг авлига нь дээрээс нь, халамж нь ёроолоос нь иддэг. Ажлын байраа хамгаалж чадахгүй ЗГ ард түмнээ ковидын аманд өлбөрүүлэн тавьж өгнө.

Уг нь ийм хар нөхцөлд хүн хүнээ хайрлахгүй бөгөөд үүний хохирогч болсон ээж хүү хоёрыг өмөөрсөн иргэд тодорхой албан тушаалтнуудаас шаардлага, хариулага нэхэж жагссан. Гэтэл МАН-ын зүгээс Засгийн газар огцруулсанаар халхавчилж асуудлыг аргалах гэж оролдлоо.

Цар тахалтай тэмцэх олон тэрбум төгрөгийн хандив тусламж хэрхэн яаж зарцуулагдсан нь одоо болтол нууц хэвээр байна. Эрх баригч МАН тун удахгүй 100 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж байна. Намын 100 жилээс илүү иргэдийнхээ эрхийг хангасан, хүний эрхийг дээлэлсэн, эдийн засгийн уналтаас гарах бодлого гаргасан удирдлага Монгол Улсад хэрэгтэй байна.

Монгол Улс хүчирхэг байхад олон ургалч үзлийн илэрхийлэл болсон улс төрийн намуудын тэнцвэртэй үйл ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй. Ардчилсан нам нэн яаралтай дотооддоо цэгцэрч, сөрөг хүчний дуу хоолойгоо чанга тод илэрхийлэх шаардлагатай байна.

Монголчууд ардчилалд хайртай. Харин ардчиллын хамгаалагч, бэлэг тэмдэг болсон АН маань иргэд олон нийтийнхээ итгэлийг даасан хүчин болохын тулд нэн яаралтай дотоод асуудлаа цэгцэлж, улс төрийн зарчмын байр сууриа эзлэх шаардлагатай байна. Үүний тулд АН-ын дотоодод үүсээд буй асуудлуудыг нэн яаралтай шийлвэрлэж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг АН-ын гишүүд бид шаардаж байна.

 Өнөөдөр АН-ын дотоодод маргаан үүсгээд буй талуудад аль алинд нь хатуу анхааруулга өгөхөөр хүрч ирлээ.

Нэг. Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэд хандаж байна.

Та АН-ын дарга байхдаа АН-ыг УИХ-д бүлэггүй нам болгосон. Та АН-ын дарга байхдаа АН-ыг удирдаж, УИХ-ын сонгуульд ороод үнэмлэхүй ялагдсан. Ёс суртахууны хувьд ч АН-ын дүрмийн хувьд ч хөдөлбөргүйгээр та намын дарга биш бөгөөд намын дарга мэтээр авирлах эрхгүй хүн. Гэтэл МАНАН бүлэглэлийн захиалгаар АН-ыг хагалан бутаргаж байгааг АН-ын гишүүд, залуус бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Мөн таны өөр дээр байгаа хэрүүлээ дунд шатруугаа авчирч 21 аймаг, 9 дүүргийн тамгаар тоглож, анхан шатандаа бусниулж байгаа нь хуулийн, дүрмий, ёс зүйн том алдаа болж байна.

Хоёр. АН-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд хандаж байна.

Тамгаа шилжүүлэн өгсөн хуучин дарга МАНАН-ын захиалгаар АН-ыг самарч байхад зогсоож чадаагүйгээр үл барам бүр дунд шатруу энэ зовлон, хэрүүлийг оруулж байхад шийдвэртэй алхам юу ч хийж чадахгүй харсаар суугаа та хоёр буруутай. Ардчилсан намын шинэчлэл бол ардчиллыг өмчлөхөө болихоос эхэлнэ. Ардчилсан намын сэргэлтийн цэг бол зорилгоо зөв тодорхойлж, ардчиллын суурь зарчмуудаа хамгаалахаас эхэлнэ. Тиймээс иргэд сонгогчдын хүлээлтэд хүрсэн, бодлогын институт байгуулах үйлсэд залуучууд маань манлайлан оролцохыг уриалж байна. Бид хэн нэгний халаасны АН-ын гишүүн биш Монголын ард түмний итгэл хүлээдэг АН-ын гишүүд баймаар байна. Цаашид энэ зорилгод баг болон нэгдэх хүсэлтэй залуучуудаа урьж байна.

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөө.

2021 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр.