
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
12 хоногийн хугацаанд үргэлжлэх хөл хорионы үеэр төрийн албан хаагчдын тодорхой хувийг дайчлан эргүүлд гаргахаар болсон байна. Шадар сайд С.Амарсайхан нийт 27 мянган төрийн албан хаагчийг хөл хорионы хугацаанд дайчлан ажиллуулж байгаа гэдгийг хэллээ.
Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм байна. Эргүүлд гарч буй алба хаагчид хэдэн цагаар ажиллах талаар нарийвчилсан журам, тогтоол одоогоор албажиж гараагүй бөгөөд эргүүлд гарч буй төрийн албан хаагчаас авсан мэдээллээр өчигдөр орой шийдвэр ирж, өдөрт 8 цаг эргүүлд гарахаар болсон гэв.