
Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулган хуралдуулахад хамтарч ажиллахыг гишүүдээс хүслээ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хамтран ажиллахыг хүслээ.
Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Ерөнхийлөгч үзжээ.
Улмаар улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэж үзсэн байна. Иймд
- Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,
- Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,
- Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналаа 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлээд байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийг улс орон, ард иргэдийнхээ амьдралд анхаарч, УИХ-ын ээлжит бус чуулганыг дээрх асуудлын хүрээнд зарлан хуралдуулахад зохих ёсны дэмжлэгийг үзүүлэн, хуульд заасан боломжийн хүрээнд хамтран ажиллахыг хүсэв.