ОХУ-МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨНГӨРСӨН ОНООС 39 ХУВИАР БУУРЧЭЭ

ОХУ-МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨНГӨРСӨН ОНООС 39 ХУВИАР БУУРЧЭЭ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь Орос-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төсөл байсан. Гэвч өнгөрсөн 6-р сард Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын төрийн мэдлийн Ростех компани уг хувиа Монголын талд 500 сая ам.доллараар худалдсан. Энэ үйл явдлыг ОХУ Эрдэнэтийг орхилоо, хоёр улсын хамтын ажиллагаа буурч байна гэх зэргээр ярих болсон. Ер нь сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт ч буурсаар ирсэн үзүүлэлттэй байгаа. 2013 онд МУ-ОХУ хоорондын гадаад худалдааны бараа эргэлт 1 тэрбум 477 сая. ам доллар байсан бол, 2016 оны нэгдүгээр сарын байдлаар хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт 218.0 сая америк доллар, үүнээс экспорт 124.9 сая америк доллар, импорт 93.0 сая америк долларт хүрч, нийт эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 39.0 хувь, импорт 22.6 хувь, экспорт 47.3 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм. Харин хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа ийнхүү суларч байгааг Оросын эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаатай холбон тайлбарлаж байна.

2014 онд Европын Холбооноос ОХУ-д оногдуулсан хориг арга хэмжээ болон сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотой ОХУ-ын эдийн засаг уналтанд ороод байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд, Оросын засгийн газар ханшийг уян хатан байлгах бодлого явуулан, зардлаа танаж, банкуудыг дахин хувьчлалд оруулсан зэргээр эдийн засгийн хямралын эсрэг нэлээдгүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2015 онд -3,7 хувьтай байсан ДНБ 0,9 хувиар агшаад байгаа юм. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Владимир Путин, евроАзийн бүс нутагт, томоохон эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр зорьж байна. Дэлхийн Банкнаас, Оросын эдийн засгийн тайлангаас харахад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2017 онд 53 ам.доллар, 2018 онд 59,9 ам.долларт хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Үүнтэй холбоотойгоор Оросын ДНБ-ий өсөлтийг энэ онд 0,6 хувь, 2017 онд 1,5 хувь, 2018 онд 1,7 хувьтай байна гэж таамаглажээ.