"Ажилчдаа 2-3 ээлжид хувааж, тав хоногоор ажиллуулах нь хамгийн зөв арга"

"Ажилчдаа 2-3 ээлжид хувааж, тав хоногоор ажиллуулах нь хамгийн зөв арга"

Улсын онцгой комиссын дэргэдэх Судалгаа эрдэм шинжилгээний зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн албан байгууллагуудад халдвараас сэргийлэн ажиллах хуваарийг танилцууллаа. 

Тэрбээр "Албан байгууллагууд хоёр ээлжээр ажиллахдаа ажилчдаа нэг ээлж нь эхний өдөр, хоёр дахь ээлж нь хоёр дахь өдрөө ажиллана гэх мэтээр зохион байгуулахаар халдвар тархалтын зүй тогтол, өвчний динамикт тийм ч тохиромжтой биш юм.

Харин ажилчдаа хоёр ээлжид хувааж эхний бүлгээ албан байгууллага дээрээ тав хоног ажиллуулаад, хоёр дахь долоо хоногт нь гэрээс нь ажиллуулах нь хамгийн тохиромжтой. Ингэснээр өвчний тархалтын динамиктай сайн таарч байна. 

Үүнийг тайлбарлахад:

Жишээ нь, ажил дээр халдвар аваагүй хүн аль нэг байдлаар хөдөлгөөнд оролцож байгаад халдвар авсан тохиолдолд халдвар тээгч болдоггүй. Нууц үеийн хугацаа нь эхний дөрөв хоног байдаг. Тав дахь хоногоос эхлээд эрчимтэй халдвар тараах үе нь болдог учраас гэртээ байх хугацаанд халдвар тараах эрсдэлтэй үе нь таарна.

Төгсгөлийн баасан гарагт халдвар авсан тохиолдолд халдвар тараах үе нь гэрээсээ ажиллаж байх үед таарч байгаа учраас мөн л байгууллагад халдвар тараахгүй. Тэгэхээр байгууллагад халдвар голомтлон тарахаас сэргийлэх үндсэн арга юм. 

Байгууллагууд энэхүү ажлын төлөвлөгөөг авч хэрэглээсэй гэж хүсэж байна. 

Хэрвээ тасралтгүй ажилладаг үйлдвэр компани байвал гурван ээлжид хуваагдаад, гурван бүлэг тав, тав хоногоор ээлжилж ажиллах нь хамгийн зөв арга. Ажлын хоног таваас хэтэрч болохгүй. Гэрээс ажиллах хугацаа 10 хоног байх нь хамгийн зөв арга" гэлээ.