Б.Буянтогтох: Вакцин тариулаад нас барсан тохиолдол байхгүй

Б.Буянтогтох: Вакцин тариулаад нас барсан тохиолдол байхгүй

Монгол улсын хэмжээнд өрнөж буй вакцинжуулалттай холбоотой элдэв мэдээлэл гарах болсон. Тухайлбал Увс аймагт вакцин тариулаад цагдаа нас барав. Налайх дүүрэгт вакцин тариулаад нас барсан хүн байна гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна. Эдгээр асуудалтай холбоотойгоор өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тайлбар өгөв.

Б.Буянтогтох: Аливаа биологийн идэвхт бодисыг хэрэглэсний дараа илрэх гаж нөлөө гэж бий. Яг түүнтэй ижил зүйл вакцин дээр байдагг. Вакцин тариулсны дараа гаж нөлөө илэрч болно. Тэрхүү гаж нөлөө нь тухайн тариулах цаг хугацаанд болон түүнээс хойш 30 минутын дотор илэрдэг. Харин түүнээс хойш тохиолдож байгаа урвалыг шууд вакцинтай холбож тайлбарлахад хэцүү. Тиймээс ч вакцины цэгүүд дээр иргэдийг 30 минут хүлээлгийн танхимд ажиглаж байгаа. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан "вакцин тариулаад хүн нас барсан" гэсэн мэдээллийн хувьд заавал дараагийн шатны шинжилгээнүүд бүрэн гүйцэд хийгээд дараа л ярих ёстой юм. Магадлалын хувьд ч вакцин тариулсны дараах 30 минутад ямар нэг урвал илэрвэл холбож тайлбарлах боломжтой. Түүнээс биш вакцин тариулснаас 30 минутаас хойш гарсан урвалыг шууд вакцинтай холбож тайлбарлах магадлал бага гэдгийг дахин хэлье. Яг одоогийн байдлаар вакцины улмаас хүн нас барсан гэдгийг баталсан зүйл байхгүй. Үүнийг хянах систем буюу дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг хянадаг эрдэмтдийн баг Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Өнөөдрийг хүртэл вакцин тариулснаас хойших 30 минутын дотор нас барсан тохиолдол гараагүй. 

Өнөөдрийн байдлаар вакцин тариулаад нас барсан гэх асуудлын цаана вакцинд болсон гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна.

Монгол улсын хувьд гэртээ нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг тодруулдаг Шүүх шинжилгээний хүрээлэн гэж байдаг. Уг хүрээлэнд тухайн хүний цогцост шинжилгээ хийж, юунаас болж нас барсан гэдгийг нь тогтоодог байна. Өнөөдрийн байдлаар шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлт дотор вакцины улмаас нас барсан гэх дүгнэлт алга байна.