
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/-өөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэх гаруулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлдэг зохицуулалттай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон.
Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарт 10.30 цагаас эхлэн нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд сурталчилгаагаа орон даяар явуулах бөгөөд цаг хугацааны хувьд богино, улс даяар covid-19-ийн халдвар тархсан хүнд нөхцөлд сурталчилгаагаа явуулах юм.
Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу олгох юм.