Гадаад дахь иргэд өнөөдөр, маргааш саналаа өгнө

Гадаад дахь иргэд өнөөдөр, маргааш саналаа өгнө

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад байгаа иргэд өнөөдөр /2021.05.30/, маргааш хоёр өдөр санал өгнө. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаад дахь иргэдийн санал авах өдрийг тавдугаар сарын 30, 31-нд байхаар товлосон. Гадаад дахь иргэд тухай улсынхаа цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгөх бөгөөд нийтдээ 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсын иргэд өөрийн биеэр саналаа өгөх юм.

Мөн гадаад дахь иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч, Элчин сайдын яамны байранд биечлэн ирэх юм.

Түүнээс гадна санал өгөх гадаад дахь иргэд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ цахим хуудаст хандаж шалгах боломжтой бөгөөд санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулах аж.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 9-ний өдөр болно.