
Таван настай Пратхам, 10 сартай дүү Аюш нар өнгөрсөн дөрөвдүгээр сард эцгийгээ алджээ. Үүнээс хэд хоногийн дараа ээж нь мөн л ковид19 өвчнөөр нас барсан байна. Цар тахал тэдний ирээдүйг орвонгоор нь эргүүлсэн нь тодорхой, гэвч бяцхан хүүхдүүд одоогоор энэ талаар мэдэхгүй, эцэг, эх нь ийм удаан ирэхгүй байгааг гайхан өдөр хоногийг өнгөрөөж буй. Хамаатнууд нь тэдэнд эцэг эх нь ажлаар хол газар явсан гэж ойлгуулсан ч хоёр хүүхэд ээж аавыгаа асууж, нуухад өдрөөс өдөрт хэцүү болж байгаа аж.
Соня 12, дүү Амит долоон настай. Эцгээ цар тахлын эхний давалгаагаар, эхийгээ энэ оны дөрөвдүгээр сард алджээ. Одоо тэд аавын талынхаа эмээ дээр байгаа бөгөөд эмгэн өндөр настай тул хүүхдүүдийнхээ ирээдүйд сэтгэл нь ихэд зовж байгаа аж. Эмгэн “Надаас хойш энэ хоёр минь яаж амьдарна даа. Хүмүүс үрчилж авья гэж хэлж л байна. Гээд яаж өгөөд явуулах билээ” хэмээн өгүүлж сууна.
Дээр өгүүлсэн жишээ нь өдгөө Энэтхэгт өнчирч үлдсэн олон гэр бүлийн зөвхөн хоёр нь юм.
Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Смирти Иранигийн твиттер хуудастаа бичсэнээс үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 25-ны дотор багаар бодоход 577 хүүхдийн эцэг, эх хоёул цар тахлаар амиа алджээ.
Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн амралтын өдөр бүтэн өнчин хүүхэд бүрт 13 970 ам.долларын тусламж үзүүлэх болно гэж зарлаад байна.