СЕХ: 2024 оны сонгуулиар сонгогч цахимаар санал өгөх боломж нээгдэнэ

СЕХ: 2024 оны сонгуулиар сонгогч цахимаар санал өгөх боломж нээгдэнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой болж байна. Хуульд өөрчлөлт оруулснаар санал хураалтыг автоматжуулсан системээр явуулахын зэрэгцээ, хяналтын тооллогыг 100 хувь хийнэ. Сонгогч саналаа өгснийг тодорхойлох бэхэн тэмдэглэгээ хийнэ. Цар тахал дотоодод тархсан үед сонгууль зохион байгуулж байгаагаараа онцлогтой байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлахад онцгой анхаарна. Цар тахлын үед дагаж мөрдөх журам боловсруулж баталсан. Улаан бүс буюу эмнэлэг тусгаарлалтын бүсүүдэд ажиллах аргачлал, зааварчилгаа гаргасан.

Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явуулж байна. Зөөврийн хайрцгаар 25600 гаруй хүнээс санал авна. Үүнээс 7051 иргэн нь цар тахалтай холбоотойгоор тусгаарлах байр, эмнэлэгт байгаа хүмүүс юм. Өнөөдөр 457 хэсгийн хорооноос 3-4 баг гарсан. Нийтдээ 1600 орчим тээврийн хэрэгслээр 3200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахаар ажиллаж байна. 

Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулаад дууссан. Цаашид сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, гадаадад оршин суугаа иргэд, улирлын чанартай ажилладаг уул уурхайн салбарынхан, байнга хөдөлгөөнд оршдог оюутнуудад цахимаар саналаа өгөх боломж олгох ёстой гэж үзэж байна. Энэ асуудлаар Цахим бодлогын байнгын хороонд санал оруулсан. 2024 оны сонгуулиар сонгогч цахимаар санал өгөх боломж нээгдэнэ гэж итгэж байна.

Эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн болсон гэдгээ мэдэгдье. Маргааш 07.00-22.00 цагийн хооронд иргэдийн саналыг авна" гэлээ.