Цар тахлын эсрэг биобэлдмэлийг дотоодод үйлдвэрлэнэ

Цар тахлын эсрэг биобэлдмэлийг дотоодод үйлдвэрлэнэ

2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээжээ. Ингэснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгдэв. 

Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэлзүйн удирдамждаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Иммуноглобулин гэж нэрлэгддэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэг нь батлагдсан байна.

Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 88 жилийн арвин их туршлагатай тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.