Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудлаас Я.Содбаатар татгалзаж, Ж.Энхбаяр бодож эхлэв

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудлаас Я.Содбаатар татгалзаж, Ж.Энхбаяр бодож эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх ирэх 7 хоногт тангараг өргөж, албан ажилдаа орно. Түүнийг тангараг өргөж, ажилдаа орохоос өмнө У.Хүрэлсүхийн баг хэн хэн байх талаарх таамаг яриа МАН-ын байранд хөвөрч байна.

Зарим яриа нь таамаг гэхээсээ илүү тохиролцоо хэлбэрээр явж буй. Ялангуяа У.Хүрэлсүхийн хамгийн ойр гэгдэх хүмүүсийн хувьд түүнийг багт орж ажиллах эсэх дээрээ тохиролцож эхэлсэн байна. Нэг бол Ерөнхийлөгчийн тамгын газарт орж ажиллах, эс бөгөөс шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах гэсэн хувилбар дээр тохиролцож байна.

Тухайлбал У.Хүрэлсүхийн дотны найз болох Я.Содбаатар хамгийн эхэнд бялуу хүртэх жагсаалтанд бий. Түүний хувьд хэрэв хүсэх юм бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болж болно. Гэхдээ энэ удаад тэр албан тушаалд суухгүйгээр амрахаар шийдсэн гэх мэдээлэл дуулдлаа. Я.Содбаатар 2024 он хүртэл биеийн амрыг бодож, зодооныг алсаас ажиглахаар шийдсэн сураг дуулдана. Нэг үгээр хэлбэл дараагийн сонгууль хүртэл түр амс хийх шийдэлд хүрсэн гэдгээ намын дарга У.Хүрэлсүхэд хэлсэн байна. Иймээс энэ удаагийн бялуу хуваалтаас сайн дураараа татгалзаж буй нэгэн бололтой.

Я.Содбаатар хойш суухтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудалд хэн суух талаар МАН-ынхан толхилцож эхэллээ. Уг суудалд суух магадлалтай хүний нэг нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Ж.Энхбаяр нэрлэгдэж байна. Түүний хувьд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын бүрэлдэхүүнээс бултсан. Сайд болохгүй гэж мэдэгдээд зугтаж байсан нэгэн. Учир нь энэ засгийн газар удаан тогтохгүй гэдгийг хамгийн сайн мэдсэн гэсэн үг. Иймээс тэр баталгаатай суудал болох Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудалд тухлах эсэхээ бодож байна. Түүний хувьд уг суудалд сууж ЖДҮ-чин гэх нэрээ мартагнуулахын хүсч байхыг үгүйсгэх арга байхгүй. Хэрэв тэр энэ нэрээ цэвэрлэж чадах юм бол 2024 онд буцаад их хуралд зүтгэх бодол тээж яваа.

Хэрэв Ж.Энхбаяр энэ удаад Ерөнхийлөгчийн тамгын газраас татгалзах юм бол дараагийн нүүдэл нь Батлан хамгаалахын сайд байж болно. Гэхдээ тэр уг зүгт зүтгэхээсээ илүү Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудлыг илүүд үзэх магадлал өндөр байгаа гэнэ.