
Маргааш төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
6 дугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 14, 15-нд зарим газраар, 16-17-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.