Файзeр вакцины эхний ээлжийн 84240 тунг хүлээн авлаа

Файзeр вакцины эхний ээлжийн 84240 тунг хүлээн авлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдэх вакцины эхний ээлжийг хүлээн авах ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 16-нд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд болов. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд зориулж Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлээд байсан билээ. Тэгвэл энэхүү тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакцин манай улсад нийлүүлэгдэх бөгөөд үүнээс эхний 84240 тун вакциныг өнөөдөр манай тал хүлээн авлаа.  Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэлжээ.

Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакцин нь вакцинжуулалтыг улам өргөжүүлж, хүн амын дунд вакциндаа хамрагдаж чадахгүй байгаа хэсгүүдэд зориулагдаж байгаагаараа онцлог юм” гэлээ.