Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цар тахлын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Цар тахлын хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Тус хуулийн үйлчлэлийг он дуустал сунгах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Засгийн газар улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Мөн цалин хөлсийг нь 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Яг адилхан хүнд нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдын асуудлыг шийдэх боломж байгаагүй юу. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан зүйл байгаа юу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын хүмүүст урамшуулал олгох шийдвэр гарсан. Улаан бүсэд ажиллаж буй 13000 гаруй хүн бий. Эдгээр хүмүүст олгох нэг удаагийн 2 сая төгрөгийн урамшууллыг долоо, наймдугаар сард хоёр хувааж олгоно.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цар тахлын хууль Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг Ардын намын гишүүд бас хэлж байсан. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт тус хуулийн тайланг тавиагүй учраас Ардчилсан намын гишүүд бид эсэргүүцсэн. Цар тахлын үед хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоогүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тус хуулийн зарим нэг заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдэг асуудал гарсан. Иймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар ганцаараа зарцуулах боломжгүй гэж үзсэн. Энэ нь Үндсэн хуулийг үөрчиж болзошгүй учир Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газарт өгөх заалтыг дэмжээгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрээн-Замын-Үүд чиглэлд ачаа тээврийн үнэ өмнө нь 5 сая байсан бол одоо 30 сая болсон. Зургаа дахин нэмэгдсэн байна. Энэ бол цэвэр авлигалын асуудал. Албан тушаалтнууд авилгалын систем бий болгочхоод жолооч нараас мөнгө саагаад сууж байдаг. Энэ асуудлаа шийдэж чадахгүй байж дахин шинэ зүйл гаргаж ирж байна.