Замын-Үүд боомтын экспортын хэсэгт олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалга суурилуулжээ

Замын-Үүд боомтын экспортын хэсэгт олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалга суурилуулжээ

Засгийн газраас Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 6-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ. 

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2,000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүд боомтоор нэвтэрч орж ирсэн байна.

Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгах мөн БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчирсан байна. Эхний ээлжинд гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлжээ. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байгаа гэв.