Л.Баттөр: Элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В, С вирусийн халдвараас үүдэлтэй

Л.Баттөр: Элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В, С вирусийн халдвараас үүдэлтэй

Гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ХӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй зургаа дахин их байгаа юм. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатитын В,С вирусийн халдвараас үүдэлтэйг нь судалгаагаар тогтоосон” гэлээ.

Монгол улс 2011 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг гепатит өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жилийг “Гепатит… хүлээхгүй” уриатайгаар тэмдэглэж байна. Мөн гепатитийн вирусийн халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирусийн архаг халдвартай хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэхийн ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бүхий үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна.

Жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.

Дэлхий дахинд 325 сая хүн вируст гепатитын халдвар авсан байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад гепатитын С, B вирусийн архаг халдвартай 400,000 хүн амьдарч байна.

Гепатитын В вирусийн эсрэг вакциныг 1991 оноос заавал хийх дархлаажуулалтын товлолт нэвтрүүлсэн В вирусийн халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдол болсон. 2011 онд манай улс (0.58 хувь) тав хүртэлх насны хүүхдийн дунд гепатитын В вирусийн халдвар тээгчдийн тархалт буурч ДЭМБ НДББ-ийн зорилтод хүрсэн. Мөн гепатитын А вирусийн эсрэг вакциныг 2012 оноос үе шаттай нэвтрүүлснээр А вируст гепатитын өвчлөл 10,000 хүн амд 1.0 тохиолдол болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ