
Талибанчууд уг үйл явдлыг тэмдэглэн ёслолын буудлага зохион байгуулжээ. 2001 онд Афганистаны дайн эхлэхэд унасан Талибаны дэглэм ийнхүү 20 жилийн дараа дахин төрийн эрхийг авч байна. Исламын хэт үзэлт Талибаны дэглэмээс зугтсан олон мянган Афганчууд эх орноосоо дүрвээд байгаа. Талибанчууд нийслэл Кабулд орж ирсэн наймдугаар сарын дунд үеэс хойш тус хотын олон улсын нисэх буудал дүрвэгчдээр дүүрсэн юм.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын тал Афганистанаас 122,300 орчим хүнийг нүүлгэн гаргажээ. Дүрвэхийг хүссэн олон мянган Афган хүнээс гадна 250 орчим Америк хүн Афганистанаас явж чадалгүй үлдсэн байна. Пүрэв гарагт Кабулын нисэх буудалд террорист халдлага гарах үеэр 170 гаруй хүн алагдсаны 13 нь АНУ-ын цэргийн алба хаагчид байв. Баасан гарагийн орой АНУ-ын тал уг халдлагыг төлөвлөж, зохион байгуулсан орон нутгийн Исламын Улс бүлэглэлийн хоёр гишүүнийг Афганистаны Нангархар мужид дроны цохилтоор устгасан юм.
Хоёр дахь халдлагыг үйлдэхээр нисэх буудал руу явж байсан тэсрэх бөмбөгтэй автомашиныг АНУ-ын арми Ням гарагт аюулгүй болгосон байна. Энэ үеэр террористуудаас гадна энгийн номхон 10 иргэн алагдсаны долоо нь хүүхэд байсан тухай гэрчүүд мэдээлжээ. Даваа гарагт Исламын Улс бүлэглэл Кабулын нисэх буудал руу пуужингууд харвасныг АНУ-ын арми амдаж устгасан байна. Трампын засаг захиргаа 2020 оны хоёрдугаар сард Талибанчуудтай тохиролцоо хийсний дараа АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа яригдаж эхэлсэн юм. Ерөнхийлөгч Байден уг төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлжээ.
Америкийн түүхэнд хамгийн урт дайн болох Афганистаны дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа эхэлсэн юм. Халдлагыг үйлдсэн Аль Кайда байгууллагын толгойлогч Осама бин Ладеныг 2011 онд устгасан ч уг террорист байгууллага үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа. Аль Кайдагаас гадна Исламын Улс террорист бүлэглэлийн Афганистан дахь салбар сүүлд шинээр байгуулагдсан юм.
2001 оноос хойш АНУ нийт 2.26 их наяд доллар Афганистаны дайнд зарцуулжээ. Энэ хугацаанд Афганистаны арми, цагдаагийн 66,000 алба хаагч, энгийн номхон 47,000 орчим иргэн амь үрэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Афганистанд АНУ-ын 2,448 цэргийн алба хаагч амь үрэгджээ.