
Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр банкийг хөрөнгийн биржэд бүртгэлтэй компани болгохоор хуульчилсан билээ.
Үүнтэй холбоотойгоор банкууд хэзээ IPO хийх тухай мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өглөө.
Тэрбээр "Хуулиараа IPO хийх банкууд долдугаар сарын 1-ний дотор төлөвлөгөөгөө Төв банканд өгөх ёстой байсан. 11 арилжааны банк бүгд төлөвлөгөөгөө өгсөн бөгөөд эдгээрээс таван банк нь IPO хийнэ.
Банк нь Банкны тухай хуулиар Монголбанкны хяналтад байхаас гадна Хөрөнгийн биржид бүртгэлтэй болж буй учраас Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад давхар орж байна гэсэн үг.
Ирэх оны нэгдүгээр улирлаас хоёрдугаар улирлын хооронд банкууд IPO хийхээр байна.
Таван банкны IPO хийх нийт дүн 500-700 тэрбум төгрөг бөгөөд нийт хувьцааныхаа 5-15 хувийг олон нийтэд санал болгох юм" хэмээв.