Д.Тогтохсүрэн: Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ирэх 7 хоногт ярина

Д.Тогтохсүрэн: Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ирэх 7 хоногт ярина

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хурлаар намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн асуудлыг ярилцсан байна. Эрх баригч намын хувьд Засгийн газарт хэрхэн хандах уу? гэдэг асуудлыг зарим улс төрчид бүлгийн хурал дээрээ хөнджээ. 

Тухайлбал Ерөнхий сайдын ажилд саад болж буй сайд нэртэй улс төрчдөд хариуцлага тооцох эсэх асуудлыг хөндөх ёстой. Энэ тал дээр Ерөнхий сайдын байр суурийг сонсч, санал зөвлөмж хэлэлцэх шаардлагатай байна гэдэг яриаг өрнүүлсэн байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн" Ковид-19 өвчин болон шатахууны хомсдол, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан зарим сайд нарт хариуцлага тооцох эсэх асуудлыг ирэх даваа гарагт хөндөн ярилцахаар болсон гэдэг тайлбарыг өгөв. 

УИХ дахь МАН-ын бүлэг дотор зарим сайд нарт хариуцлага тооцох тухай яриа гарсан нь үнэн болж таарав. Харин хэн хэн гэдэг сайдад хариуцлага тооцох уу? энэ тал дээр Ерөнхий сайд дэмжлэг үзүүлэх үү үгүй юу гэдэг дээр зөвшилцөл явагдах нь ээ. 

Ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь авч үлдэх бодолтой байх уу? эсвэл шүд сугалах зарчмаар өөрийнхөө байр суурийг хадгалж үлдэх үү гэдэг сонголтыг хийх нь ээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлж буйгаар сайдад хариуцлага тооцох асуудал хөндөгдөх нь байна. Тэгэхээр Ерөнхий сайд хэн гэдэг сайддаа хариуцлага тооцож, хэнийгээ авч үлдэхээ шийдэх учиртай. Учир нь сайдад хариуцлага тооцох асуудлыг зөвхөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд мэддэг болсон. 

Засгийн газрын гишүүнийг нэр дэвшүүлэх, огцруулах асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд мэдэж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулдаг болсон билээ. Энэ дагуу арга хэмжээ авах ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад шахалт үзүүлж зарим сайд нараа огцруулах чиглэлийг өгөх нь бололтой. Хэн хэн гэдэг сайд огцрох вэ гэдэг асуултын хариулалт ирэх 7 хоногт тодорхой болох нь ээ.