Засгийн газраас “Рио Тинто”-д хандан дахин захидал бичжээ

Засгийн газраас “Рио Тинто”-д хандан дахин захидал бичжээ

Монгол Улсын Засгийн газраас “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээжээ. Тодруулбал, “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээний Монгол талын ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг захидалд хэд хэдэн хурц байр суурийг илэрхийлсэн байна.

Үүндээ “Хэлэлцээнд ахиц гарахгүй удаж байна. Монголын Засгийн газрын итгэл алдрах дөхлөө” гэсэн агуулга тусгасан талаар “Financial Times”-д мэдээлжээ. Түүнчлэн, Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн шалтгааныг судалсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд өгсөн тэдний хариу тайлбарт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.

Мэдээлэл өгөхөд, “Рио Тинто”-гийн зүгээс геотехникийн хожим илэрсэн нөхцөл байдлаас болж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал хэтэрсэн гэх мэдээллийг өгсөөр ирсэн. Харин Засгийн газраас томилж ажиллуулсан хөндлөнгийн шинжээчдийн баг эсрэг дүгнэлт гаргасан нь анхаарал татсан юм.

Гэвч “Рио Тинто” компани уг дүгнэлтийн ихэнх хэсэгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, далд уурхайн зардал хэтэрсэн зэрэг асуудалд холбогдох шалтгааныг дахин геотехникийн нөхцөлтэй холбож тайлбарласан билээ.

Тэгвэл эл захидалд “Далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар хийгээд монголчууд хүлээх учиргүй. Цар тахлаас өмнө далд уурхай ашиглалтад орчих боломжтой байсан” гэж онцолжээ.

Хамгийн онцлууштай нь, далд уурхайн асуудал дээр “Рио Тинто”-г ямар нэг баримт нотолгоотой байр суурь илэрхийлэхгүй байгаа нөхцөлд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэж, цаашдын хэлэлцээндээ чиг баримжаа болгоно гэж албан ёсоор мэдэгдсэн байна.