Аврал хайсан ч арга мухардсан Ардчилсан нам

Аврал хайсан ч арга мухардсан Ардчилсан нам

Хоёр долоо хоногийн өмнө Ардчилсан нам Онц их хурлаа зарлан хуралдуулсан. Энэ Их хурлыг тус намын нэг хэсэг гишүүд эсэргүүцэж, үгүйсгэсэн ч олонхи нь, ялангуяа орон нутгийн Ардчилсан намуудын төлөөлөл, мөн томоохон лидерүүд нь хуралдаа ирсэн учир хүчинтэй гэж үзсэн. Ингээд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон юм. Гэвч Ардчилсан намын доторхи хагарал, талцал эцэс болсонгүй. Хоёр даргатай, хоёр тамгатай хэвээрээ.

Өнөөдөр л гэхэд Ардчилсан намаас хийдэг уламжлалт мэдээлэл 4:11 уулзалтыг Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар хийхээр зар түгээж. Нөгөө талд Онц их хурлаас Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ажлыг эрчимжүүлж, орон нутгийн гишүүдээрээ ярилцлага өгүүлж, Онц их хурлаар хүчинтэй тамгаа дарж даргаа сонгосон гэдэг мессэжийг хүчтэй түгээж сууна.

Ийнхүү Ардчилсан нам хоёр толгойтой хэвээр байгаад зогсохгүй УИХ дахь тус намын бүлэг ч учир зүйгээ ололцож чадалгүй өнөөг хүрэв. Эдүгээгээс яг нэг сарын өмнө буюу аравдугаар сарын 18-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэл хийж, АН-ын бүлгээс Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хасах болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намаасаа хөөсөн талаар мэдээлсэн. Гэтэл бүлгээсээ хөөгдсөн гэх гишүүд эргэн мэдээлэл хийж Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулсан, Н.Ганнибал гишүүн бүлгийн дарга болсон гэсэн юм. Ардчилсан намын энэ мэт сандал ширээ, тамга тэмдгийн хэрүүл, дарга томиллоо, огцруулаа гэсэн мэдээлэл олон нийтэд хошин шогийн үзүүлбэр шиг санагдах болоод удав.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намд үүссэн хагарал, үл ойлголцол нь жил тойрон үргэлжилж, Онц их хурлаа хийгээд ч сахил аваад шал дордоно гэгч болоод байна. Ардчилсан намд аврал хэрэгтэй болжээ.

Ардчилсан намын нэгэн жилийн товчоон:

Ардчилсан намын X их хурал 2020 оны 12-р сарын 18-нд болсон юм. Энэ хурлыг Азидаа хамгийн том цахим хурал боллоо гэж онцолсон. Уг их хурлаас гаргасан уриалгад "Ардчилсан намын гишүүд, лидерүүдийн зөрчил, маргаан, фракц, бүлэглэлийн хуваагдлыг бүрмөсөн арилгаж, 90-ээд оны хувьсгалч сэтгэлгээнээсээ салж,  21-р зууны монголчуудын эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, шударга ёсны талд зогсон, шинэ сэтгэлгээ, ойлголцлоор нэгдэн нягтарч,  мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчиллын эгэл баатруудынхаа итгэл сэтгэлийн галыг асааж, өнөөдрийг хүртэл бидний дунд бугшсан зөрчил, учир шалтгаан бүхнийг монголчуудынхаа эрх ашгийн төлөө таягдан хаяж,  ирээдүйн төлөө хамтдаа алхъя, гарц гаргалгаа, шийдлээ олцгооё гэж Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийнхэндээ уриалж байна" гэсэн байв.

Ц.Тувааны талын Ардчилсан намын ээлжит бус бага хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж, Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын их хуралд өргөн мэдүүлж, батламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд болсон юм. Харин С.Эрдэнийн тал намын даргыг батлах Их хурлыг тавдугаар сарын 2-нд зарласан юм. Тиймээс С.Эрдэнээ "Ардчилсан нам нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр зохион байгуулагдсан ээлжит бус бага хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан. Үлдсэн хүмүүс нь ТЭСО корпорацийн хүмүүс гэх мэдээлэл байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон. Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус бага хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно." хэмээн мэдэгдэж байв.

УИХ-д бие даан сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар 2021 оны тавдугаар сарын  3-нд Ардчилсан намын бүлэгт нэгдсэн юм. Тэднийг 2021 оны аравдугаар сарын 14-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат бүлгээсээ хөөсөн билээ.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор 2021 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав.


Ардчилсан нам Онц их хурлаа хуралдаалахаар товлосноо тус намын дарга М.Тулгат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл нар зарлав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ж.Батсуурь, Н.Ганнибал нарыг бүлгээсээ хассан тухай мэдээлэл хийв. 2021 оны аравдугаар сарын 18.

Ардчилсан намын Онц их хурлаар О.Цогтгэрэлийг даргаар, Л.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгов. Гэвч энэхүү шийдвэрийг М.Тулгат тэргүүтэй Ардчилсан намын гишүүд хүлээн зөвшөөрөөгүй.