Э.Оюунболдоо одоо зодог тайлчих аа!!!

Э.Оюунболдоо одоо зодог тайлчих аа!!!

Монгол Үндэсний бөхийн холбооноос 2021 оны зун зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс 4 бөх допинг илэрсэн. Хэн хэн байв гэдгийг зарлав. 

Өнөөдрийн байдлаар нэр бүхий дөрвөн бөхийн хэн ч тайлбар хийгээгүй байгаа ч өмнө нь допингийн асуудалд нэр холбогдож явсан нэг бөх дахин дээрх дуулианд өртөв. Улсын арслан Э.Оюунболдын шээснээс допингийн төрлийн бодис илэрчээ. Ийм мэдэгдлийг Үндэсний бөхийн холбооноос гаргав. 

Улсын аварга цол хүртдэг жилээ Э.Оюунболд мөн л допингийн асуудалд нэр холбогдож, өөрөө эсэргүүцэж, хэл ам, хэрүүл тэмцэл өрнүүлж эл асуудлыг хоёр жил гаруй хугацаанд нийгэмд талцал болгосон. Эцэст нь шүүх шийдвэрээ гаргаж, цолыг нь хураах, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг дэмжсэн байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч олгосон цолоо хурааж, Үндэсний бөхийн холбоо хоёр жил барилдах эрхийг нь хязгаарлах зэргээр тэмцлийг өрнүүлэв. 

Гэтэл унасан бөх ахиад унахдаа илүү хүчтэй унав бололтой. Улсын арслан цолтой барилдсан наадамдаа дахиад л допингийн асуудалд нэр холбогдчихлоо. Одоо гуй Э.Оюунболдоо битгий хэрүүл хийгээрэй. Зүгээр л зодог тайлчих тэгэх үү? 

Хэнтий аймгийн зарим төлөөлөл нийгмийн сүлжээнд Э.Оюунболдын оронд шээсээ өгдөг бөхийн нэрийг зарлана. Ер нь Э.Оюунболдын өмнөөс өөр бөх шээсний шинжилгээ өгөөд байгаа гэх утга бүхий тайлбар бичсэн харагдана. Үүний цаана ахиад л Э.Оюунболд гэдэг бөх допингоо хүлээн зөвшөөрөхгүй хэрүүл тэмцэл өрнүүлэх юм биш биз дээ гэсэн хардлага төрүүлж байгаа юм. 

Энэ жилийн 512 бөхийн барилдаанд тавын даваанд Э.Оюунболд нь Улсын арслан Содномдоржийг амлан авч барилдсан. Содномдорж нь Э.Оюунболд арслантай барилдахдаа унасан ч давсан ч хамтдаа допингийн шинжилгээ өгье гэдэг санал тавьж, зөвшөөрсөн нөхцөлд барилдах болзол тулгаж байв. Энэ ярианы дараа хоёр тал зөвшөөрч барилдсан. Тавын даваанд Содномдорж давж, Э.Оюунболд унасан. Допингийн шинжилгээ авахад Э.Оюунболд цааргалж, унасан бөх өгөхгүй гэх зэргээр асуудалд хандаж байв. 

Учир нь уг барилдааны болзолд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах болзолтой байлаа. Э.Оюунболд тав даваагүй учир шинжилгээ өгөхгүй байх зохицуулалттай ч хоёр бөх барилдахдаа хэн хэн нь шинжилгээ өгнө гэсэн амлалт өгч, ам гарсан учир шинжилгээг авсан билээ. 

Ийнхүү өнөөдөр өнөөх л Э.Оюунболд допингтой байсан гэдэг ярианд өртчихлөө. Бөхийн холбоо нь нэрийг нь зарлачихав. Одоо ингэж олныг шуугиулж, талцал, хэрүүл тэмцэл өрнүүлж байхаар шууд зодог тайлчих аа Э.Оюунболд оо!!!