МҮЭ: Ажил олгогч эзэдтэй ахисан түвшинд хамтран ажиллана

МҮЭ: Ажил олгогч эзэдтэй ахисан түвшинд хамтран ажиллана

 
МҮЭ-ийн холбооны удирдлагууд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, орлогч Г.Амгалан, Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал нарыг /2021.12.27/ хүлээн авч уулзлаа.
 
Хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтны нийгмийн хамгаалал, цалин хөлс, ажлын байрны баталгааг хангахын төлөө өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат,
-Ковид-19 цар тахлын дараа дараагийн давлагаа гарч байна. Төрөөс явуулж буй бодлоготой уялдсан ҮЭ-ийн хөгжлийн хөтөлбөр батлагдсан.
МҮЭ-ийн холбооны их хурлаас ажлын байрны баталгаа, үндэсний үйлдвэрлэлээ сэргээх, цар тахлын хүндрэлийг даван туулах, бүтээмж нэмэгдүүлэх зэрэг 4 том зорилт дэвшүүлсэн.
Засгийн газрын тавьсан зорилгод нийгмийн түншүүдийн үүрэг их юм. Хамтарч чанартай ажлын байр бэлтгэх, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг хэрэгтэй. Нийгмийн даатгал, татварын хуулиуд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэгт гол анхаарлаа хандуулна. Он гаргаад мэргэжлийн холбоодтой салбарын ҮЭ-үүд өргөтгөсөн уулзалт хийх нь зөв. Төрөөс гаргаж буй шийдвэрт түншлэгч талуудын оролцоо чухал байна гэлээ.
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар,
-МҮЭ-ийн холбооны удирдлагын баг хамт олон биднийг хүлээн авч байгаад баяртай байна. Нийгмийн түншийн хүрээнд олон ажил хамтарч хийсэн, биесээ мэднэ. МҮЭ-ийн холбооны 23 дугаар их хурлаас гаргасан шийдвэрээ бидэнд өгөөрэй. Мэргэжлийн болон салбарын холбоод хамтарч болно. Уул уурхайн ассоциаци, Барилгын холбоо, Авто замын холбооны ажилтнуудыг манайх сайн бэлтгэсэн. Эднийг түншлүүлээд явъя. Орон нутагт эздийн байгууллага хүнд байгаа. ҮЭ дэргэд нь түшиг тулгууртай байгууллага. Орон нутгийн ҮЭ-ийн дарга нарыг ажил олгогч эздийг дэргэдээ авч яваач гэж гуйдаг. Шахаад хамтарч явна гэдэгт итгэлтэй байна.
Та нарын цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг дэмждэг. Бүтээмж дээшлүүлэх асуудлаа яръя. Бидний хувьд хэн нэгнийг зальдаад явна гэсэн бодол байхгүй. Он гараад санамж бичигт гарын үсэг зуръя. Нийгмийн түншийн хувьд эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх зэрэгт хамтарч ажиллана. Монгол улсад хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншийн харилцаа чухал. Хэдүүлээ бодлогын түвшинд ойлголцож, биесээ дэмжиж явах хэрэгтэй гэлээ.
МҮЭ-ийн холбооны хүндэт ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
-Ирэх онд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь маш чухал. МҮЭ-ийн холбоо их хурлаараа Хөгжлийн зорилт, дүрэмдээ зарим нэг өөрчлөлт оруулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн сурталчилгааны хугацааг сунгаж, нийгмийн түншүүд идэвхтэй оролцох, өөрсдийн багш арга зүйч, мэргэжилтнүүдээр өргөжүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн соёлын аян, бүтээмжийн хөдөлгөөнийг хоёр байгууллага үндэсний хэмжээнд хамтарч ажиллах боломжтой. Эдгээр ажлуудаа баримт бичгээр баталгаажуулж ажиллах хэрэгтэй гэсэн юм.