Л.Оюун-Эрдэнэ зовлонгоо дийлэхгүй сөхөрч мэднэ

Л.Оюун-Эрдэнэ зовлонгоо дийлэхгүй сөхөрч мэднэ

Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу улс төрчийг өнөөдөр амтай болгон магтаж, ойртож нөхөрлөх гэж олон хүн гүйлдэж буй гэж зарим нь эндүүрч байх шиг байна. 

Харин ч Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийн эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр эргэн тойрны зовлон зүдгүүр нь түүнээс нь том болж буй юм. Тэр ч үүнийгээ мэдэж, эрх мэдэл бүхнээ нэмэхдээ зовлонгоо яаж зузаатгахгүй байх вэ? гэдэг асуултыг өөртөө тавьж, өөрийнхөө эргэн тойрныхонтой сэм зөвлөлдсөн гэх юм билээ. 

МАН-ын дарга гэдэг сэтэр зүүхтэй зэрэгцэн 2024 оны сонгуульд яаж оролцох, ард түмний мандат авсан УИХ-ын гишүүдийг хэрхэн тойглох арга ухаанаа сүвэгчилж сууна. Давхар дээлийг зөвшөөрч, УИХ-ын гишүүдийг багцлах сайд нартай болох эсэхийг хүлээсэн хүмүүс олон байна. Тэр дундаа УИХ-ын гишүүд хэсэг бүлгээрээ нэгдэж нийлсэн, фракц үүсгэх хэлбэрээр намын даргаа шахаж, хэзээ хэрхэн сайд болгох гэж байгааг нь шулуухан асуух болжээ. 

Л.Оюун-Эрдэнэ энэ зовлонгоосоо салахын тулд ямар нүүдэл хийх, яаж тоглоомыг өрнүүлэх вэ гэдгийг шинэ оныг угтах баярын өдрүүдэд сэм хувилдааныг хийсэн бололтой. Тэрхүү хувилдаан нь цэцийн шийдвэрийг яаж гаргах, хэл амнаас хэрхэн хол байлгах, эргээд сайд нарыг томилох хугацааг хэдийд болгох зэргээр ярилцсан гэнэ. Ямартай ч одоо байгаа засгийн газрын бүрэлдэхүүнээ оны эхэнд аваад хаячихыг тэр хүсэхгүй байгаа гэнэ. Харин хавар, тэр дундаа 6 сар хүртэл тэсчих хувилбарыг л эрэлхийлж байгаа бололтой. 

энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийн ганцхан зовлон нь. Үүнээс гадна ахиад хилээрээ омикрон алдчих вий, эдийн засгийн асуудлыг хэрхэх үү? оюу толгойтой хийж буй хэлэлцээрт ахиад ахиц гарах уу? гэх мэт томоохон бэрхшээлүүд түүний өмнө байгаа. Тэр дотроос хамгийн эмзэг нь урд хөрш хилээ хэзээ нээх вэ? заавал Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийг БНХАУ-д айлчлуулсны дараа нээх үү гэдэг асуултыг хариулалт нь Л.Оюун-Эрдэнэ болчихоод байна.