Гүндалайгаас жийрхэх хэрэггүй АН

Гүндалайгаас жийрхэх хэрэггүй АН

Л.Гүндалай бол Ардчилсан намын гундаж явахад зулыг нь барьж, бөхөөчихгүй гэж зүтгэж явсан нэгэн. Тэр цагтаа энэ намд хамгийн үнэтэй, бас хамгийн хэрэгтэй нь байсан нь үнэн. Харин өнөөдөр тэрэн шиг Ардчилсан намд хэрэггүй хүн байхгүй болчихжээ. Яагаад??? 

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд Л.Гүндалайгаар дутсан уу? Үгүй. Харин Л.Гүндалай Ардчилсан намаар дутсан билүү. Тийм гээд хариулчихвал бараг л үнэнээс холдсон болохгүй биз. 

Өөрийнхөө замаар явах гэж зөрүүдлээд өөрөө л хохирч үлдсэн хүн бол мэдээж хэрэг Л.Гүндалай. Түүний энэхүү үйлдлийг түмэн удаа уучилж, ахиад намынхаа төлөө алхах боломжийг олгох ухамсар Ардчилсан намд байх ёстой болов уу? 

Ардчилсан намынхан Л.Гүндалайгаас эмээх цаг л болчихож гэнэ. Тэд намдаа авахаас татгалзав. Бүр болоогүй хэсэг бүлэг нь нийлж авахгүй байх арга сэдэж байгаа бололтой. Үүгээр зогсохгүй зарим намын байгууллага нь албан бичиг бичиж, асуудалтай гэдгийг нь учирлан тайлбарлах болжээ. 

Л.Гүндалайгаас айх шалтгаан Ардчилсан намынханд байгаа гэж үү? Тэр намын дарга болчихоно гэж өчүүхэн бодолтой, өрөвдөлтэй улс төрчид энэ намд бий юм байх даа. Үнэн хэрэгтээ Л.Гүндалай битгий хэл өөр хэн ч орж ирсэн надтай өрсөлдөөд гарч чадахгүй гэх бат итгэлтэй бардам улс төрч энэ намд өгүүлэгдэж байгаагийн илрэл нь Л.Гүндалайгаас айсандаа намдаа авахгүй гэсэн өчүүхэн хувалз зан юм. Тийм биш бол тэр битгий хэл хүнийг гүйгээд ирэхэд нь тосоод авах цаг үе. АН өнөөдөр эрх баригч биш. Тэднээс харин ч хүн бүр зугтааж, нөгөө талд тал засаж суугаа цаг.