Ямбий машинаас хотоо аврах бус явж буй машинаа зохицуул хотын даргаа!!!

Ямбий машинаас хотоо аврах бус явж буй машинаа зохицуул хотын даргаа!!!

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар авто замын хөдөлгөөний ачааллын талаар өөрийн байр сууриа зарим хэвлэлд илэрхийлжээ. Түүний хувьд авто замын түгжрэлийг бууруулахын тулд тодорхой арга хэмжээ авна. Уг арга хэмжээ нь шат дараалалтай, бодлогын шинж чанартай, цогц байх тухай дурдсан байна. Цогцоор нь асуудлыг харж, шийдлийг тодорхойлохгүйгээр ганц нэг арга хэмжээг салгаж аваад Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал арилахгүй гэдгийг хүн бүр мэднэ. Хотын дарга цогц шийдэл ярьж буй нь зөв хэрэг.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын хэлсэнчлэн Улаанбаатар хотыг буруу талдаа хүрдтэй авто машинаас салгана гэх үгэнд олон хүн эгдүүцэж, бас шүүмжлэл өрнүүлж байгаа харагдана. Энэ үгийг Нийслэлийн засаг дарга өнөөдөр хэлчихсэн хэрэг биш. 2013 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл буруу талдаа хүрдтэй авто машиныг хориглох тухай ярьж байлаа. Тэр үед тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хотын даргыг зандарч, загнаж, шүүмжилж байгаад энэ яриаг тас хорьж байсан билээ.

Бараг 10 жилийн дараа жолооны хүрд буруу талдаа япон авто машиныг хориглох тухай яриаг Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар гаргаж ирэв. Тэр 2021 оны 11 дүгээр сард УИХ-ын чуулганы танхимд анх энэ санаагаа цухуйлгаж байсан. Тухайн үед хэн ч үүнийг тоож өлгөж аваагүй.

Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган хүн амын өсөлт ажиглагдаж байна. Үүнтэй уялдаад 80 гаруй мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Эдгээр тооноос харахад 630 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Дээрх тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь буруу талдаа хүрдтэй авто машин эзэлж буй.

Ийм нөхцөлд шууд л хааж, боох тухай ярихаасаа өмнө одоо байгаа буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг хэрхэн зорчуулах вэ? Хэдэн жилийн хугацаанд иргэн айх айдасгүй унаж буй машинаа унах боломжоор хангах юм. Насжилтын тоог хэрэглээнд тулгуурлаж хэдэн жил байлгах юм. Ямбий машины оршуулгын цэг нь яг үнэндээ Улаанбаатар мөн үү? Үгүй юу гэдгийг гаргасан тоо судалгаа байна уу? Гэх мэтээр  нарийвчилсан тооцоо судалгаагаа танилцуулах учиртай.

Түүнээс тээврийн хэрэгслийн тоо жилдээ дал, наян мянгаар нэмэгдээд байна. Иймээс буруу хүрдтэй ямбий машиныг тас хориглох болно гэсэн мухайрлал чинь хийх цогц ажлыг чинь үнэгүйдүүлээд байна хотын даргаа.

Буруу талдаа хүрдтэй машиныг ашиглалтаас гарах хүртэл явуулахаас өөр сонголт байхгүй. Тав, эсвэл 10 жилийн дараа тас хорино гэчихлээр хүрдээ солиулах гэж хэдэн төгрөг зарлагдах уу? Эргээд энэ ачааллыг иргэн үүрнэ. Ийм төрийн шийдвэр гэж үгүй. Иргэнээ бодсон хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоох тухай лоозон бүхий үндсэн хуультай Монгол улс шүү дээ. Тэгчхээд иргэнээ сөхрүүлэх, элдэв шийдвэрийг төр нь гаргаад байж болохгүй.

Ер нь бол түгжрэлийн буруутанг машинаас бус зохион байгуулалт, зам харгуйн урсгалын зохицуулалт зэргээсээ хайчихвал илүү оновчтой байх даа. Ядаж л уулзварын тоо, явган хүний гарцын тоо зэргээ тоолж үзчих хэрэгтэй. Үүнээс улбаалж машины хурд хэдэн км/цагаар удааширч байна вэ?