албаныхан 200 гаруй тэрбум төгрөгөөр утаагаа бууруулчихсан. харин...

албаныхан 200 гаруй тэрбум төгрөгөөр утаагаа бууруулчихсан. харин...

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогыг 2011 оноос барьж эхэлсэн. Агаарын чанарын албаны мэдээгээр 2015 оны агаарын бохирдлын хэмжээ 2011 оныхтой харьцуулахад 50 орчим хуваариар нэмэгдсэн. Агаарын бохирдлын бууруулах бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш улсын төсвөөс жил бүр хэдэн тэрбумаар төсөв баталдаг. Гэсэн хэдий ч агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин давсан үзүүлэлтэй хэвээр байна. Цэвэр агаар сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийг зарцуулсаар иржээ. Тухайлбал:

2011 онд 31,5 тэрбум төгрөг

2012 онд 30 тэрбум төгрөг,

2013 онд 29,7 тэрбум төгрөг

2014 онд 15,2 тэрбум төгрөг

2015 онд 16,6 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахын тулд улсын төсвөөс зарлагадаад байна. Үр дүнгүй мөнгө зарцуулалт гэдэг бол энэ гээд хэлчихэд болно. Нийтдээ 122,6 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын утаатай тэмцэх ажилд зарцуулсан ч үр дүнд нь өвлийн цагт амьсгалын замыг хордуулагч утаа 50%-иар нэмэгдсэн. Зөвхөн өвөл биш, хавар, зун, намартаа ч агаарын бохирдолтой хот болчихоод байна.

Дээр дурдсан төсвөөс гадна өнгөрсөн таван жилийн хугацаанд өөр эх үүсвэрийг ашиглан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 132,5 тэрбум төгрөгийг зарцуулсан мэдээ байна.  Тодруулбал:

Улсын төсвөөс 13,1 тэрбум төгрөг

Монголын мянганы сорилтын сангаас 74,2 тэрбум төгрөг

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээс 10,1 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, агаарт утаат хөшиг суулгачихаад байна.

Дээрх мөнгө зөвхөн агаарын бохирдлыг бууруулах нэрээр зарцуулагдсан. Харин агаарын чанарын хяналт, шинжилгээний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бас л баахан мөнгө зарцуулчихсан байна. Энэ чиглэлийн хүрээнд дараах хөрөнгийг зарцуулчихаад байна. ҮҮнд:

Нийслэлийн төсвөөс  1,2 тэрбум төгрөг

Жайка хамтын ажиллагааны байгууллагаас 2,7 тэрбум төгрөгийг үрчихээд байна.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд мөн л багагүй хөрөнгийг гаргажээ. Тухайлбал:

Нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөг

Авто тээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулахад 293 сая төгрөгийг зарлага өнгөрсөн жилүүдэд гаргажээ. Үр дүнд нь Улаанбаатар хотын авто машинаас ялгарах утаа буурсан зүйл алга. Харин ч нийтийн тээврийн хуучирсан автобуснаас утаа суунагласан хэвээрээ л байна.

2016 онд л гэхэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.  900 сая төгрөгөөр өмнөх жилд хэрэгжүүлж байсан төслийг үргэлжлүүлэхээр болсон. Харин үлдсэн 3,1 тэрбум төгрөгөөр гэр хорооллын сургууль цэцэрлэг, дүүргийн эмнэлгийн агаарын чанарыг сайжруулах үүднээс ашиглахаар болжээ. Чухам яаж сайжруулах нь ойлгомжгүй. Бодуул зуухыг нь солих биз. Дахиж л утаа гаргадаггүй зуух суурилуулсан гэж түмний толгойг битгий гашилгаасай билээ.

Албаны хүмүүсийн хувьд агаарын бохирдол жилээс жилд багассаар байгаа гэдэг хариулалтыг ичих ч үгүй хэлдэг нь гашлантай.  Харин утаан дунд амьдарч байгаа иргэд багасах битгий хэл улам ихэссээр байгааг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин мэдэрч сууна.

200 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр ийнхүү салхинд замхруулчихлаа. Утаа гардаггүй зуух л гэнэ. Утаагүй түлш л гэнэ. Дулааллагын материал л гэнэ. Энэ бүхнээс хэн хожив. Хэдэн дарга түрийвчээ түнтийлгэж, хэдэн аж ахуйн нэгж орлоготой боллоо. Өөр ямар гавьяа нийслэл хотод бий болчихов. Үүнийхээ оронд шууд л орон сууцанд гэр хорооллын иргэдийг оруулж газрыг нь төр худалдаад авчихсан бол дор хаяж 2000 айлыг яндангаас нь салгаж чадах байлаа. Энэ бол хамгийн багаар бодсон тоо шүү. Монгол улсын хөгжлийг хойш татдаг ганц жишээ бол дарга нар өөрсдөө л зуслахаа бодохоос өрөөлийн тухай бодох зүйл тэдэнд алга  даа.