МИК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.ХАШЧУЛУУНЫГ томилов

МИК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.ХАШЧУЛУУНЫГ томилов

Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатарыг чөлөөлж түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилжээ. Тодруулбал, МИК-ийн ТУЗ хуралдаж, М.Мөнхбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.

Эдийн засагч Ч.Хашчулууны хувьд Монголдоо тэргүүлэх эдийн засагчдын нэг юм. 

МИК-тай холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайханы мэдэгдлийн дараа олны анхаарлыг татсан. Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 14-нд "Банкууд Монголын ипотекийн корпорациар /МИК/  дамжуулж ипотекийн санхүүүжилтийг хийдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох байсан ипотекийн зээл 8 хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байсан. Өнөөдөр 6 хувь болсон байгаа ч 1.6 орчим хувийн хүүг дундаас нь шимтгэл маягаар МИК авдаг"  гэж мэдээлсэн.

Үүний хариуд МИК-аас даваа гаригт /2022.4.18/ мэдээлэл хийж, Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй гэдгийг тайлбарласан. 

МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэхдээ, 

"Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү нь 8, 6, 5 хувьтай нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог.  Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг.

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм.

Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкаас худалдан авдаг. Үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг" гэв.