Шуудуу ухалгүйгээр 11.8 км хоолойг доторложээ

Шуудуу ухалгүйгээр 11.8 км хоолойг доторложээ

УСУГ-ын Шугам ашиглалт, засварын албаны төслийн инженер Б.Одбаяраас шугам доторлогооны  ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Цэвэр усны шугам хоолойг газар ухалгүй доторлох төслийн ажлыг эхлүүлсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлээд хэр удаж байна вэ?

-Дулааны шугам сүлжээний байгууллага 60 жил, Ус сувгийн удирдах газар 62 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс шугам сүлжээний насжилт уртсаж, жил бүр засвар үйлчилгээ хийх шаардлага тулгардаг. Шаардлагатай засвар үйлчилгээг төлөвлөн хуваарийн дагуу хийдэг боловч хөрөнгө оруулалтын асуудлаас болоод шугам сүлжээг богино хугацаанд шинэчилж чаддаггүй. Тиймээс жил бүр үе шаттайгаар шугам хоолой засварлах ажлыг бага багаар төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэхүү шугам доторлогооны ажлыг Австри улсын “Ар Ти Ай” компанитай гэрээ байгуулж, Австри, Монгол Улсын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлээр машин механизм, багаж хэрэгслэл, материал тоног төхөөрөмжийг авч ажиллаж байна. 

Улаанбаатар хотын цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүй шинэчлэх технологийн төслийг 2018 оноос эхлээд манай улсад хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр 11.8 км шугам хоолойг доторлосон. Энэ жилийн хувьд ажлаа эхлүүлээд 330 метр урт 300-ын шугам доторлоод байна. Уг технологиор доторлосон шугамд 50 жилийн баталгааг төсөл хэрэгжүүлэгчид өгдөг.

-Шуудуу ухалгүй шугам доторлогоо хийх ажлыг явуулах нь ямар давуу талтай вэ?

-Олон давуу тал бий. Нэгдүгээрт, насжилт өндөртэй, ойр ойрхон эвдрэл гэмтэл үүсдэг шугамыг доторлосноор ашиглалтын хугацаа нэмэгдэнэ. Хоёрдугаарт, авто тээврийн хөдөлгөөнд түгжрэл бий болголгүй засварын ажлыг явуулдаг.  Гуравдугаарт, бусад инженерийн байгууламжид эвдрэл гэмтрэл учруулдаггүй. Дөрөвдүгээрт, шугам доторлогооны ажлыг богино хугацаанд дуу чимээ багатай  гүйцэтгэдэг. 

-Энэ жилийн 330 метр доторлогооны ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?

-Ажлын долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Гэхдээ уг шугам доторлогооны ажлыг хотын төвийн замын хөдөлгөөн, бүтээн байгуулалт ихтэй газрын шугам хоолойг доторлохдоо ашигладаг. Нөхөн сэргээлт багатай газарт бол газраа ухаж доторлосон нь дээр.  Шугам сүлжээ доторлох ажил хийгдэхээс өмнө холбогдох бэлтгэл ажилд багагүй хугацааг зарцуулдаг. Тодруулж хэлбэл, шугам сүлжээг доторлохын тулд угааж цэвэрлэх, тухайн шугамаас түр шугам татах, засвар үйлчилгээ хийх шугамаа хаах, түр шугамаар дамжуулан хэрэглэгчдийг усаар хангах зэрэг ажил нь цаг хугацаа маш их зарцуулдаг учраас жилдээ цөөн километрийн шугамын доторлогоог хийж байна.