Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр

Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 26-ныг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тэмдэглэдэг. Анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ. Манай улс энэ өдөрт 2003 оноос эхлэн нэгджээ.

Монгол Улсад энэ өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсад “оюуны өмч” гэдэг ойлголт 1963 оноос нэвтэрсэн хэдий ч одоогоор бүртгэгдээд буй 5 мянга гаруй патент, 10 мянга гаруй барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар эдийн засгийн эргэлтэд орох боломж нөхцөл хангалттай бүрдэж амжаагүй байна.

Хөгжил, дэвшлийг оюуны өмч, инновациас салгаж ойлгох боломжгүй юм. Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд оюуны өмч, инновац голлох үүрэгтэй. Монгол Улсын өнөөгийн хөгжил нь үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.