Орлогоосоо 2 дахин давсан өртэй аж ахуйн нэгж төрд л байна

Орлогоосоо 2 дахин давсан өртэй аж ахуйн нэгж төрд л байна

Монгол Улсад төрийн өмчит 94 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 89 нь алдагдалтай, өр ширэндээ баригдаж өтөндөө идэгдчихсэн “ДАМПУУРЧ” болзошгүй аж ахуйн нэгж гэхэд дэгсдүүлсэн болохгүй ээ.

Тухайлбал 1200 ажилтантай Монголросцветмет нэгдэл. Тус компаний хувьд 80 тэрбум төгрөгийн өртэй. Монгол Улсын засгийн газар 51 хувийг нь эзэмшиж байна. Харин хувийн хэвшил 49 хувийг нь эзэмшдэг аж ахуйн нэгж. 80 тэрбум төгрөгийн өрийнх нь 30 тэрбум төгрөг нь богино хугацаатай. Ойрын 2 жилдээ багтааж төлөх ёстой зээл. Зээлийн хүү нь 13-18 хувийн хүүтэй. Тавигдсан зээл нь цалин хөлсөнд голлон зарцуулагдсан талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор халаглан өгүүлж сууна. Өрөндөө идэгдэх хүртэл нь ажиллаж байсан эрхэм чухам ямар гавьяа байгуулсан гэж өнөөдөр тайлбар хийх бол.

80 тэрбум төгрөгийн өртэй тус компани нь жилдээ 40 тэрбум төгрөгийн орлоготой. Монголын уул уурхайн чиглэлийн томоохон аж ахуйн нэгж. 2 жил тус компани ямар ч зардал гаргахгүй байлаа гэхэд л өрөө төлнө. Гэтэл цалин, хангамж, үйл ажиллагааны зардлаа хасахаар тухайн аж ахуйн нэгжийн хувьд өрнөөсөө салах хүртэл өчнөөн жил болохоор дүр зураг харагдаж байна. Дээр нь хүүндээ идүүлээд дуусч, дампуурах эрсдэл ч байж болзошгүй ээ. Өрнөөсөө гарах аргыг тус компани олохгүй бол удирдаж байгаа албан тушаалтантай нь хариуцлага тооцож шинэ менежментийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй ээ.