АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал сумдад хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг газар дээр нь үзэж, ажиллалаа.
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн. Одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулалт хийгдсэн. График, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан танилцуулж байлаа.
Наранбулаг-хан ХХК-ийн гүйцэтгэл сайн байна
Чингис -Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх 7 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.
Наранбулаг-хан ХХК нь өмнө нь Чингис-Бэрхийн 20 км ажлыг гэрээгээр 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан туршлагатай компани юм.
Орон нутгийн зүгээс авто замын ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэв
Дараа нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км-ын Багц 2 хэсэг буюу 62 км авто зам барилгын ажлын талбайд ажиллалаа. Тус замын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна. 5 дугаар сараас нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлаа эхлүүлжээ.
Тус замын гүйцэтгэгч Идэр ширэгү ХХК-ийн инженер техникийн ажилчид болон машин механизмийн нүүлгэн шилжүүлэлтийн ажил бүрэн дуусаж зам барилгын газар шорооны ажил 35 хувьтай явагдаж байна.
Хэнтийн аймаг улсын чанартай 726.1 км авто замын сүлжээтэй
Хэнтий аймаг нь Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай таван чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламж байна. Үүний 372.1 км хатуу хучилттай, 189.0 км хайрган хучилттай, 165.0 км байгалийн хөрсөн авто зам ашиглагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн дөрвөн сум /Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал/ хатуу хучилттай улсын чанартай авто замаар холбогдсон. Батноров, Баян-Овоо, Норовлин сумд энэ жил эхэлж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд удахгүй хатуу хучилтгүй авто замаар холбогдоно.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай 5 чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламжыг "Харгуй" ТӨХК хариуцан байнгын бэлэн байдлыг хангуулж засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны засварын ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй