Энхрий хайрт МАН минь үзээрийн АН-ыг шоронд хийж шонд өлгөөд өгөөч

Энхрий хайрт МАН минь үзээрийн АН-ыг шоронд хийж шонд өлгөөд өгөөч

Иргэний захидал

Төр бариад жил шахам болж буй МАН-ынхан та нарын овойж оцойтол хийсэн ажлыг олж харахгүй байгаа ч олон өдөр сараар уйгагүй уйлагнан ярьж гомдоллоход тань итгээд ингэж гуйхад хүрэв. Та нарыг сонгосон сонгогчид цөм биш юм гэхэд халаасны тань ТВ-үүд “Чухамдаа АН л өнгөрсөн 4 жилд дааж давшгүй өрөнд оруулсан” гэх түмний үгийг л төрдөө өдөр шөнөгүй хэлээд байх шиг “28 жилд 2-хон удаа төр барьсан атлаа улс орныг самарч өр зээлд бариулж элгээр нь хэвтүүлээд зогсохгүй эсрэг тэмцсэн удаан жилийн зузаан туршлагатай хөөрхий МАН-д ч дийлдэхгүй болсон тул аргагүйн эрхэнд Засгийн эрхээ харь орныхонд атгуулах болов” гэх ойлголтыг гэрийн тэргүүн өвгөн, галын тэнэг чавганц ба МАН-ын дарга нарын тань хэлсэнчлэн ахмад залуу, өсөх 3 үеийн хэлхээсийн уураг тархи, ухаан бодол яс маханд нэгэнт гүн бат шингээж чадлаа. Иймээс АН гэх гүйх нохойд саад дайсан хэнд хэрэгтэй билээ. Тэртэй тэргүй хийсэн хэрэг нь огцрох бүү хэл шорон гяндан ч багадахаар болсон юм байна гэж ойлгов. Уг нь АН түүний удирдлага, гишүүд дэмжигчид цөм л яах ч аргагүй Монголчууд, ард түмэн, МАХН(МАН)-ын алтан хэвлийд бойжиж алган дээр өсч, өвөр дээр өндийж гараас хөтлөн хөлд орсон үр хүүхэд, ахан дүүс, амраг садан, анд нөхөд, алтан нутаг, ангийн анд, арга ядахад нууц амрагууд юмсан даа. Гэтэл одоо шоронд хийж, шонд өлгөж устгана гэдэг өвгөн миний ба өтөл МАН-ын хувьд ч төрсөн үрээ золигт гаргах мэт хамгийн харгис үйл, цэвдэг сэтгэл боловч үнэн тийм агаад хоёр хувьсгал хийж ирсэн ард түмэн бид ийм залуу, өөдрөг хүсэл тэмүүлэл, өрөвч зөөлөн гэнэн сэтгэлтэй, алдаа оноо нь алган дээр тавьсан шиг ил цагаан, аугаа Монгол орны маань өнгө төрх өсөх ирээдүй залуус(АН)-аа дэмжиж, гурван төрд эрх барьж үхэхээс бусдыг үзсэн хашир МАН(МАХН) олон ургальч үзлээр шударгаар өрсөлдөж хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоож чадахаасаа нэгэнт өнгөрсөн, хүсэхгүй, аргагүй болсон бол одоо яалтай ч билээ устгахаас! Гэвч ард түмэн бид одоогоор юутай ч АН-ын буруугаар улс орон өрөнд баригдаж өтөнд зулгаалгасан, Чингис, Өгөөдэй, Самуурай юу юу ч гэнэ баахан хөрөнгийг хуваагаад идчихсэн, маш олон алдаатай буруу бодлого, гэрээ, түрээсийн нь гайгаар газар шороо худалдагдаж, харь гүрний хараанд орсноос өөрийг мэдэхгүй байна. Бас зарим нь улс төрийн буруу харалган бодлого, төлж барагдашгүй өр зээл, харьд барьцаалагдсан нутаг орны ихэнх МАН та нартай хамаатай гэсэн бүр эсэргүү ойлголттой, наад зах нь Рио Тинтогийн атганд орж Монголын банкиудаар гүйлгээ хийлгэж чадахгүй хууль тогтоох төв байгууллагынхаа өнөөдөр баталсан тогтоолын заалтыг маргааш нь хүчингүй болгож шившгээ дэлгэсэн нь ЕС асан Ч. Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн төлөвлөгөөнөөс биш манай татварын хууль, тодруулбал татварын маргаан гарсан тохиолдол бүрд хаана хэний ч дансыг хаадаг маш бүдүүлэг үйлдлээс болсон, тэр ч бүү хэл татварын төлөвлөгөө даван биелж буй нь өмнөх эрх баригчдын санаанд оромгүй их далд эдийн засгийг илрүүлж, татвар, НӨАТ-ийн буцаан олголт буй болгосны эерэг үр нөлөө, өнгөрсөн ба энэ 4 жилд ашиглалтад орсон, орох, орж буй цэцэрлэг сургууль, үйлдвэр, томоохон объектууд цөм АН-ын хийсэн, эхлүүлсэн ажил, гайт өр Чингис Самуурай бондын хөрөнгө, тэгээд ч Оюу толгойн гэрээ, төлөвлөгөө алдаа оноотой ч ажиллаж эхэлснээс хойш Монголд оруулсан түүний цэвэр үр өгөөжийг зарим судлаачдын маргаад зогсч буй “Таван толгой”-н алдагдсан боломжийг 20 тэрбум $(энэ нь манай улсын нийт өрөөс хоёр дахин их)-той тэнцүүлэн тооцсонтой зэрэгцүүлбэл харьцуулшгүй ашигтай сайн үйл гэж ойлгох хүмүүс ч олон байна. Энэ бүхнийг тэд танай намын 65 түшээ С. Баярыг элчин сайдаар томилохдоо: “Оюу толгойн гэрээ Монголчуудад өчүүхэн ч ашиггүй...” гэх дайчин үгийг хэлээд “Та нар одоо болтол Оюутолгойгоос цалинжиж байгаа” хариултаар амаа алгадуулснаас ингэж ойлгосон ч байж мэднэ. Тиймд хүндэт эрх баригч МАН-ынхан минь энэ АН-ын бүх алдаа дутагдал, гадаад дотоодоос яг гардан ямар ямар зээл бонд хэдэн удаа авсан, босгосон үрэн таран хийж идэж ууж шамшигдуулсан зэрэг бүх хөрөнгө ба мөн улс төрийн ямар ямар алдаатай буруу бодлого явуулж хэрхэн хор хөнөөл учруулсныг он, сар, өдөр, тоо хэмжээтэй нь олноо дурайтал мэдээлж, сонин хэвлэлээр нийтлэж өгнө үү? Тэгвэл хууль хяналтынхан, мөнөөх аймшигт АТГ гэх аварга тул шүүрэн авч МАН та нар санаа амар өнгөрсөндөө биш өмнөхөө харж ажиллах буй заа. Үхэвч үр харам гэгчээр ард түмэн бид үүнийг хүсч бүр шаардаж байна!!!

 

Сүхбаатар аймаг. Ганга овогт Баньдхүү Самдан.