БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар сууна

БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар сууна

МАН-ын бялуу хуваалт үргэлжилж байна. 2016 оны сонгуулийн дараа албан тушаалын хуваарилалтаас сэтгэл дундуур үлдсэн зарим нэг эрхмийг гадаадад элчин сайдаар суулгахаар МАН шийджээ. Үүний нэг нь Гадаад хэргийн дэд сайд асан Г.Тэнгэр юм. Түүний хувьд 2012-2016 оны хооронд МАН-ын гадаад харилцааг хариуцан ажиллаж байсан. Дэд сайдын суудал яригдахад хамгийн түрүүнд Гадаад харилцааны дэд сайд болно гэсэн таамаг гарч байв. Гэвч өрсөлдөөнд өвдөг шороодож сэтгэл дундуур үлдсэн билээ. Иймээс ч намынхандаа ил, далд гомдлоо илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн байна. МАН-ын удирдлага түүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх аргыг олжээ. Энэ нь Г.Тэнгэрийг Япон улсад суух элчин сайдаар томилох шийдвэрт хүрсэн явдал юм. Г.Тэнгэр нь Японд сургууль төгссөн. Япон улстай ойр дотно харилцаатай нэгэн. Энэ утгаараа бялуу хуваалтаас сонголтоо хийсэн бололтой.

Албан тушаалд очсон ч амбиц нь тогтож өгөхгүй байгаа улс төрч бол БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр. Түүний хувьд салбарынхаа сайдтай байнгын шөргөөцөлдсөн хэвээрээ байгаа. Албан тушаалын асуудал бүр дээр БСШУ-ны сайд болон дэд сайд нарын хооронд зөрчил үүсдэг гэх мэдээлэл бий. Тэгэхээр хэн хэн нь салбарынхаа ноён болохыг хүсдэг учраас маргааныг таслах шийдэлд МАН хүрсэн бололтой. Энэхүү шийдэл нь Ё.Отгонбаярыг АНУ-д суух элчин сайдаар томилох шийдвэр юм. МАН-ын удирдах зөвлөл дээр уг асуудал яригдсан. Дараа нь Засгийн газрын төвшинд хэлэлцэгдээд шийдэлд хүрчээ. Ийнхүү шийдвэр гарсны дараа БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр яамныхаа хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулж элчин сайдаар явах болсон тухайгаа дуулгасан мэдээлэл байна. БСШУЯ нь хоёр хуваагдчихаад байгаа. Нэг хэсэг нь Сайд Ж.Батсуурийн талынхан. Нөгөө хэсэг нь дэд сайд Ё.Отгонбаярын хүрээнийхэн. Ийнхүү яамыг хоёр хувааж тардагт нь тулахаас өмнө нэг толгойг нь АНУ-д илгээж асуудлыг намжаахаар болжээ.