Гудамжинд нус цэр хаявал Зөрчлийн хуулиар 10 мянга, Эрүүл ахуйн хуулиар 20 мянган төгрөгөөр торгоно

Гудамжинд нус цэр хаявал Зөрчлийн хуулиар 10 мянга, Эрүүл ахуйн хуулиар 20 мянган төгрөгөөр торгоно

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ нь тухайн үйлдлийг гаргасан иргэнийг 10,000 төгрөгөөр торгоно гэсэн үг юм. Монголчуудын хамгийн их гаргадаг буруу үйлдлийн нэг нь гудамжинд явж байхдаа цус цэрээ хаяг явдал. Ийнхүү уг үйлдлийг хуулиар хязгаарлаж өгөхөөр боллоо.

Монголчуудын зүй зохисгүй үйлдлийн нэг бол яах аргагүй гудамж талбайд нус, цэрээ шууд л хаях явдал. Үүнийгээ буруу гэдгийг хүн бүр мэддэг ч зуршил болчихсон гэхэд болно. Иймээс хотын соёлд иргэдийг суралцуулахын тулд хуулиар далайлгаж эхлэв бололтой. Гэхдээ нус цэрээ ил задгай хаясан нөхцөлд торгох хууль анх удаа гарчхаж байгаа хэрэг биш. Жил гаруйн өмнө Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг заалт орж батлагдсан билээ.

Эрүүл ахуйн тухай хуулийн 20,1,8-д зааснаар бол Нийтийн эзэмшлийн талбай болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хог хаях, шатаахыг хориглоно. Уг заалтыг зөрчсөн иргэнийг 22,4 дэх заалтаар 20 мянган төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно гэж заажээ.

Ийнхүү нэг утга, өгүүлбэр бүхий 2 өөр торгуультай 2 өөр хуулийн заалт үйлчилж эхэллээ. Аль хуулийнх нь заалтыг мөрдөж, хэн гэдэг хүн тэрхүү торгуулийг тавих нь ойлгомжгүй. Цагдаагийн албан хаагч байрны үүдэнд суучхаад нохойгоо салхилуулж байгаа хүн бүрийг торгоод байж болох нь. Эсвэл нус, цэрээ ил хаях хэн нэгнийг анаад байх хэрэг үү?

Гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх зохицуулалтыг бусад улс орон ч хуулиндаа оруулж өгчээ.

Япон улс: Энэ төрлийн зөрчилд 1000-10,000 иенээр торгодог байна.

Сингапур улс: Энэ төрлийн зөрчилд 5000 сингапур долларын торгууль хүлээлгэдэг.

Солонгос улс: Энэ төрлийн зөрчилд 40 ам долларын торгууль ноогдуулна

БНХАУ-ын Бээжин хот: Энэ төрлийн зөрчилд 70 ам долларын торгуулиар шийтгэдэг болжээ.