Хасах тухай хэлэхээс өөр хийсэн ажил алга эрх баригчдаа

Хасах тухай хэлэхээс өөр хийсэн ажил алга эрх баригчдаа

Халамж хэрээс хэтэрлээ. Ер нь халамжаа хасчихая. 2023 оны төсөвт халамжийг багасгах болно. Ийм үгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ам уралдан хэлэх болжээ. Тэр дундаа Сангийн сайд энэ талаар үг хэлж сууна. Бас болоогүй тэдэнд хүсч нэмж УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгө их өгчихлөө. Одоо болно. Хасах хэрэгтэй гэх утга бүхий тайлбар тавив. 

Монгол Улс жилдээ 3 орчим их наяд төгрөгийг халамжид зарцуулж буй нь үнэн. Үүнд тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө гэх мэт орно. Гэхдээ үүнийг үр дүнтэй юу эсвэл үр дүнгүй юу гэдгийг тооцож тооцсон судалгаа алга. Хэдэн өрх энэ мөнгөний ачаар хоолтой байгаа. Хэдэн өрх энэ мөнгөний ачаар хүүхэд нь төгрөгийн хадгаламжтай байгаа тухай тоо ярихгүй. Зүгээр л хасна танана гэсэн сайрхал явж байна. 

2022 оны төсвийн тодотголоор хэмнэлт нэрийн дор бөөн мөнгө хасчихлаа хэмээн сайрхаж байсан Засгийн газрын үлгэр өнөөдөр үнэн төрхөө харуулж байна. Өнөөх хэмнээд байсан хэмнэлт үнэн хэрэгтээ аль нэг байгууллагын мэргэжилтэн, үүдний харуул дээр очиж буужээ. Тухайлбал төрийн нэг агентлаг орлогоч даргаа шууд халчихаагүй. Тэр нь доошоо газар, хэлтсийн дарга болжээ. Өнөөх газар хэлтсийн дарга нь ахлах мэргэжилтэн болсон. Ахлах мэргэжилтэн нь мэргэжилтэн болсон. Мэргэжилтэн нь бараг л харуул болж харуул нь халагдсан байх жишээтэй. Ийм худал хуурмаг үлгэр домог зохиож хэмнэлт ярьж байхаар бодитой зүйл ярьж бодитой ажил хиймээр байна Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

Энэ Засгийн газарт гарт баригдчих гавьяа гээд нэрлэх гэхээр тун маруухан юм. Хийсэн, хэрэгжүүлнэ гэсэн сүржигнэл бол харин далай далай. Тэднийг ийнхүү сүржин ярьж даржин хийх зуур түмэн олны амьдрал уруудахын дээдээр уруудаж, урагшгүй болж байна. 

Идэх хоолоо авч дийлэхгүй ард түмэн өмсөх хувцасаа яаж ч авах билээ дээ. Өнөөдөр ноён долларын ханш суга өсч, төгрөг шалаар нэг боллоо. Үүнтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр нэмэгдэж, иргэд мах гурил авч дийлэхгүй болж байна. Тансаг хэрэглээ гэдэг зүйл алга болох нь ээ. 

Хасна, танах болно гэхийн оронд арай өөр юм сэтгэж, илүү бодитой ажил хийхгүй бол энэ улс орон дампуурлаа шүү эрх баригчдаа.