1200 хүн халтирч унаж бэртэж гэмтжээ

1200 хүн халтирч унаж бэртэж гэмтжээ

Улаанбаатар хотын авто зам болон явган хүний зам дээрх халтиргаа гулгаа маш их байгаа тухай иргэд өдөр бүр шүүмжлэл илэрхийлж байна. Харин Улаанбаатар хотын удирдлагын зүгээс цас орсны дараа давс, бодис цацсан тухай мэдээлэл өгч байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдөр орсон цасны дараа 30 тонн давс, 107 тонн бодис цацсан гэж Нийслэлийн тохжилт үйлчилгээний газраас мэдэгдэв. 

Гэвч авто зам дээр халтиргаа ихтэй, авто машин мөргөлдөх тохиолдол байсаар байна. Нөгөө талдаа явган хүний зам дээр анхаарахгүй орхиж буй нь иргэд бэртэж гэмтэх эрсдлийг нэмэгдүүлсэн хэвээрээ байгаа юм. 

2022 оны 12 дугаар сарын 28 өдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 7800 орчим хүн ирж үйлчлүүлжээ. Эдгээр иргэдийн 1290 орчим нь явганаар Улаанбаатар хотын замаар зорчиж байгаад унаж гэмтсэн иргэд эзэлж байна. Иргэдийн хувьд явган хүний зам дээр халтирч унахдаа гар, хөлөө хугалах, эгэм, ууц нурууны ясаа гэмтээх зэргээр хүнд болон хөнгөн бэртэл авч буй тухай эмч анхааруулав. 

Гэмтэлийн эмнэлэгт ирж үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн явган хүний зам дээр бэртэж ирж байна гэнэ. Үүнээс авч үзвэл Улаанбаатар хотын захын дүүргийн авто зам, явган хүний замыг огт анхаарахгүй, давс, бодис цацахгүй байгаа юм биш биз дээ гэх хардлага төрж байна. Иргэдийн тайлбарлаж байгаагаар бол Яармаг, Модн 2, 3,4 хорооллын явган хүний зам хамгийн их халтиргаатай мөстсөн байгаа гэнэ.