АН-ын С.Эрдэнийн гаргасан өргөдлөөс дээд шүүх татгалзжээ

АН-ын С.Эрдэнийн гаргасан өргөдлөөс дээд шүүх татгалзжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1. Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус XV Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна. Уг өргөдөлтэй холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас “...хууль бусаар хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаас зарласан намын их хурал хүчингүй” гэх агуулгатай мэдээлэл, нийслэлийн 8 дүүргийн Ардчилсан намын хороо, 19 аймгийн Ардчилсан намын хорооноос тус тус “...Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг намын гишүүдээр хэлэлцүүлэх үйл ажиллагаа анхан, дунд шатны намын хороонд явагдаагүй тул хууль бус хүсэлтийг шийдвэрлэхгүй байх” агуулгатай шаардлага ирүүлжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцлээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйлүүдэд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл”, “Шүүгчийг татгалзан гарах”, “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх”-д  тус тус холбогдох заалтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол батлав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Иргэний хэргийн танхимын саналыг хэлэлцэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл, шүүгчийг татгалзан гаргаж (гарах) болохгүй үндэслэл, татгалзан гаргах (гарах) хүсэлт шийдвэрлэхэд холбогдох хуулийн заалтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.

4. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох өөрчлөлтийг оруулав.

5. Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж холбогдох өөрчлөлтийг оруулж, тогтоол баталлаа. Мөн Тамгын газрын 2022 оны тайлан, Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулсан Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлантай тус тус танилцав.

Эх сурвалж: МУ-ын Дээд шүүх