
Сүүлийн жилүүдэд сүлжээний бизнес эрхлэгчид олширч иргэдийн хялбар аргаар, хурдан мөнгөтэй болох хүсэл сонирхлыг өдөөж залилах гэмт хэрэг гарч байна. Жишээлбэл "FT group", "Familymart", "Wayfair" программууд нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлэн урамшуулал авах замаар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр программууд нь 2022 оны 11-р сард МУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж, энэ оны 1 сарын 24-ний өдөр хаагдсан байна.
Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй: "FT group", "Familymart", "Wayfair" программ ашиглан олон улсын арилжааны биржээр дамжуулан иргэдээс 600.000 төгрөгөөс 150 сая төгрөг хүртэл залилсан хэргийг шалгаж байна. Иргэд эдгээр аппликейшныг ашигладаг бол зогсоох, хохирол амссан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай" гэж мэдээлэв.
Иргэд орон сууц, тээврийн хэрэгсэлээ зарж, барьцаалах, хадгаламжаа барьцаалж зээл авсан, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлсэн, эмчилгээнд хадгалсан мөнгөө залилуулсан зэрэг тогтоогджээ.
Иймд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэт хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байх. Мөн хохирсон иргэд цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулж байна.
Видео эх сурвалж:Ikon.mn