
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Бар ээжүүд” фэйсбүүк группийн ээжүүдээс байнгын асаргаатай хүүхдээ халамжилдаг ээжүүдийг баярлуулахаар гуравдугаар сарын 4-ний өдрөөс аян зарлаж өнөөдөр "Энэрэл" хүүхэд хөгжүүлэх төвд ээжүүдтэй уулзалт хийлээ. Энэ аянд тавь гаруй ээжүүд нэгдэж бэлэн мөнгө, өөрсдийн эрхэлдэг бизнес, үйлчилгээний эрхийн бичгийг хандивласан байна.
“Бар ээжүүд” групп хүмүүнлэгийн чиглэлээр сайн үйлс түгээх зорилготойгоор 2020 онд байгуулагдсан. Тус группт одоогоор 6700 ээжүүд нэгдээд байна. Өнөөдрийн хүмүүнлэгийн ажил нь тэдний хоёрдох сайн үйлсийн аян бөгөөд эхний нь түр хамгаалах байранд буй хүүхдүүдэд дулаан хувцас өгөх аянд олон ээжүүдийг хамруулан хүмүүнлэгийн ажил хийсэн. “Бар ээжүүд” групп нь ашгийн бус учир зар сурталчилгааг байршуулдаггүй цаашдаа ч цэвэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэн ажиллах тухай “Бар ээжүүд” фэйсбүүк группийн админ Д.Доржсүрэн ярилаа.
Монгол Улсын хэмжээнд 14.000 байнгын асаргаатай хүүхэд байдгаас халамжийн бүртгэлд 12.000 хүүхэд бүртгэгдсэн. Үүнээс гурваас дөрвөн мянган хүүхэд ямар ч халамж, үйлчилгээ авч чадалгүй гэртээ байдаг судалгаа байна. Тэгвэл энэ хүүхдүүдэд хүрч ажиллах зорилготойгоор “Ээлтэй Ертөнц” ТББ 2009 онд байгуулагдсан. Тус төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Төмөрбаатарын Туяажаргал байнгын асаргаатай хүүхдээ асран хамгаалж байхдаа тусгай хэрэгцээт боловсролын, хөдөлгөөн засал, эрүүл зохистой хооллолтой цогц хүүхэд хөгжлийн төв байгуулах нэн шаардлагатайг харж 2011 оноос зорьж улсын болон хувийн байгууллагуудад хандсаны эцэст “MCS ESTATES” ХХК-иас үйл ажиллагааг нь дэмжин “Вива Сити”-д байрлах ажлын байраар хангасан байна. Т.Туяажаргал “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийг нойлын плита өрөхөөс эхлээд бүхий л заслын ажлыг байнгын асаргаатай хүүхэдтэй ээж, аавуудтай хамтран сэтгэлээ шингээн байгуулжээ.
Т.Туяажаргал: Манай төв нь байнгын асаргаа шаардлагатай сургууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүдэд сэргээн засах, хөдөлгөөн засал, усан эмчилгээ бариа засал, хооллолт, боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээг багийн болон ганцаарчилсан хэлбэрээр үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт 28 хүүхдийг хоёр ангид хуваан үйлчилж байна. Хүүхдүүдийн онош өөр өөр учир тус тусдаа эмчилгээ шаарддаг. Тархины саа, булчингийн чангаралтай хүүхдүүдээ нэг ангид, оюуны саа, аутизмтай хүүхдүүд нэг ангид хамруулан үйлчилгээ үзүүлдэг. Мөн "Ханни" зөөлөн тоглоомын үйлдвэрийг нээн ажилуулж байнгын асаргаатай хүүхэдтэй ээжүүдэд өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй болох нийгэмшүүлэх зорилгоор ажиллах боломжоор хангаад байна. Өнгөрөгч онд Монгол ТВ-ийн "Шарк танк" нэвтрүүлэгт шалгарч санхүүжилт авах болсон. Эхний санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард оруулна гэсэн боловч одоогоор тодорхой хариу байхгүй байна.
Өнөөдөр маш гэнэтийн байлаа. “Бар ээжүүд” группийн ээжүүд ОУ-ын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан байнгын асаргаатай хүүхдээ хардаг ээжүүдийг баярлуулъя, сэтгэлийн дэм өгөх гэсийнмаа хэмээн бидэнтэй холбогдсон.
Надад “Бүтэн нойртой хонож үзээгүй, Бүлээн цайгаа ууж чадаагүй” гэдэг дуу үргэлж санаанд ордог. Энэ энгийн хүүхдээ өсгөж буй ээжүүдийн хувьд хоёр хүртэлх жил орчим үргэлжилдэг бол байнгын асаргаатай хэвтрийн, оюуны хувьд бусадтай харилцах чадваргүй хүнд гэж хэлж болох хүүхэдтэй ээжийн хувьд насан туршдаа тулгардаг. Үнэхээр энэ ээжүүд асар их сэтгэлийн хат, тэвчээр, шаналал, ганцаардлыг туулдаг. “Бар ээжүүд” группийн админ Д.Доржсүрэн “Бид Та нартайгаа хамт шүү” гэдэг үг бидний зүрх сэтгэлд хүрлээ.(уйлав) Нээрээ бидэнтэй энэ олон ээжүүд хамт байдаг юм байна. Энэ үг олон мянган нийгэмд гадуурхагдсан, ганцаардсан ээжүүдэд хандсан үг мэт санагдлаа.
“Бар ээжүүд” группийн энэ аянд хамрагдсан сэтгэл зүрхээ шингээсэн ээж нэг бүрт маш их баярлалаа.