"ШӨНӨ БУУСАН ААДАР" ЖҮЖИГ ЭЦСИЙН СОНГОЛТ ГЭР БҮЛ

"ШӨНӨ БУУСАН ААДАР" ЖҮЖИГ ЭЦСИЙН СОНГОЛТ ГЭР БҮЛ

Мөрөөдлийн театр 10 жилийн ойгоо угтан тайзны 21 дэх бүтээл болох Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" жүжгийг соёлын төв өргөөнд өдөр бүр  тоглож байна.

2005 онд найруулагч Н.Наранбаатарын найруулснаар "Шөнө амталсан нулимс" нэртэйгээр тоглогдож байсан. 

Энэ удаа "Шөнө буусан аадар" нэртэйгээр найруулагч Ш.Ёндоншарав хэмээх залуу уран бүтээлчийн шинэлэг өнгө төрх, өнөөгийн цаг үеийн нарийн мэдрэмж, ур ухаан шингэсэн бүтээл болжээ. 

Арван тав дахь удаагийн тоглолтоо талархлын өдөрт зориулан улаан хивсний ёслол хийж урлаг соёлын олны танил эрхмүүдийг урьсан байна. "Шөнө буусан аадар" жүжиг тайзнаа тавигдсан өдрөөс хойш давхардсан тоогоор 10 гаран мянган хүнд хүрээд байна.

Жүжгийн ерөнхий агуулгын тухайд өнөөгийн нийгмийн тухай, хүн хүнээ хайрлах хүндлэлийн тухай хэмээн жүжигчин Ж.Алтаншагай дурьдлаа.

"Шөнө буусан аадар" жүжгийн онцгой нэгэн шийдэл нь жүжигчдийн дүр сонголт байв. 

МУАЖ Г.Мягмарнаран эл жүжигт урилгаар тоглож байгаа бөгөөд халамжит аав, өвөөгийн дүрийг бүтээжээ. 

Тэрээр .., "Миний хувьд Ц.Балдорж агсны маш олон жүжигт тоглож байсан. Ардчиллын салхи  эхэлж байхад жинхэнэ ил тод тухайн үеийн нийгмийн бүхий л болохгүйг шүүж бичиж бидний оюун санаа, тархи оюуныг нээж  ардчиллын уур амьсгалд нийгмийг хөтөлж байсан ХӨТӨЧ юм. Хориод жилийн өмнө гэхээр хол сонсогдож байвч энэ хүн ХОЛДОХ ТУСАМ ИЛҮҮ ТОДОРЧ байна. Тиймээс ямар гайхалтай хүнтэй мөр зэрэгцэж байсан бэ гэж бодохлоор бахархалтай" гэж хэлээд үргэлжлүүлэн...Жүжгийн хувьд бүтэц, жүжигчдийн ур чадвар, үзэгчдэд хэлэх санаа, үзэгчдийн хүлээн авч буй байдалд миний хувьд сэтгэл дүүрэн байна. Үүнд бидний зорилго биелж байгаа юм" гэлээ.