Хамартаа утсан имплант татуулснаас болж үнэр амтаа алджээ

Хамартаа утсан имплант татуулснаас болж үнэр амтаа алджээ

   Иргэн Н.Дагийсүрэн нүүрний ботокс тариулахаар 2022 онд “Vera” гоо сайхны эмнэлгийг зорин очтол хамартаа утсан имплант суулгахыг санал болгосноор 900.000 (есөн зуун мянга) төгрөг төлж үйлчлүүлсэн. Гэвч түүний баруун тархинд үрэвсэл өгч амт, үнэрээ бүрэн алдаж улмаар самалдагаа авхуулах хагалгаанд яаралтай орох заалттай болжээ.

   Утсан имплант суулгуулсан өдөр толгой нь маш их өвдөж, халуурахад эмч “Ибупрофен 7 хоног уучих” гэж зөвлөсөн байна. Гэвч биеийн байдал улам дордож яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон.

   Тэрээр харьяа цагдаагийн хэлтэст гомдол гаргахад “Vera” гоо сайхны эмнэлгийн эмч нь мэс ажилбар хийх эрхгүй. Мөн өнгөрсөн хугацаанд эмч нь түүнтэй холбогдож биеийн байдлыг нь асуугаагүй. Эмнэлгийн зүгээс ч манайд ажилладаггүй, шивээсчин л хийдэг байсан гэх зэргээр асуудлыг өөрсдөөсөө түлхэж байгаа учир иргэн Н.Дагийсүрэн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Н.Дагийсүрэн.., “Миний баруун тархинд үрэвсэл өгч амт, үнэрээ бүрэн алдсан. Одоо хамрын самалдгийг тайрч байж хэвийн байдалдаа орох байх. Хагалгааг зөвхөн хувийн эмнэлэгт хийдэг учир судалж байгаад “Перфект” эмнэлэгт цаг авсан гээд тэрээр цааш нь.., Миний хувьд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гомдлоо өгч шалгуулж байгаа.

   Мөрдөгчийн зүгээс эхэндээ байцаалт авч байсанч сүүлдээ зөрчлийн хуулийн дагуу шалгуулна гээд миний бичиг баримтуудыг хураагаад авчихсан. Үүнийг холбогдох цагдаагийн газрын даргаас нь тодруулахаар ямар ч хариу байхгүй. Энэ хэрэг бүртгэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчихсөн. Ингээд зогсохгүй эмчлэх ч эрхгүй хүн нь мөрдөгчөөс зөвшөөрөл аваад хил даваад явсан. Одоо эмнэлгийн дарга, мөрдөгчтэй байнга холбогдож байгаа ч шийдтэй хариу байхгүй байна” гэлээ. 

Бэлтгэсэн: И.Энх-Амгалан 

                    Б.Гэрэлчулуун