Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт 1400 гаруй ажлын байр бий болно

Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт 1400 гаруй ажлын байр бий болно

2023-2025 онд Үйлдвэрлэл, техник технологийн парк байгуулах, нэхмэлийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллах бодлогын хүрээнд 1400 гаруй ажлын байр бий болно.

 Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, их дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгч, ажил идэвхитэй хайж байгаа залууст зориулан ажил мэргэжлийн гараагаа эхлэх хариуцлагатай үйлсэд нь туслах, зөв чиглүүлэх зорилготой өдөрлөг зохион байгууллаа. Тиймээс мэргэжлээ сонгон ажиллахаар төлөвлөж буй  залуусыг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг өдөрлөгийн үеэр уриаллаа.

Тус өдөрлөгт хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын шилдэг 50 аж ахуйн нэгж байгууллагад ажилд орох, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг олгож байгаа. Түүнчлэн “шилдэг залуу мэргэжилтнүүд, энтрепернер, бизнес эрхлэгчдийн амжилтын түүхээс суралцаж, өөрийн түүхийг бүтээх урам зориг өгсөн, ач холбогдолтой өдөрлөг боллоо” хэмээн оролцогч залуус илэрхийлж байлаа.

Бэлтгэсэн: Б.Гэрэлчулуун