Монголын гэрэл зурагчдын бүтээл БНСУ-д дэлгэгдэнэ

Монголын гэрэл зурагчдын бүтээл БНСУ-д дэлгэгдэнэ

Монголын гэрэл зурагчдын бүтээл БНСУ-ын Сөүл, Пусан зэрэг хотын төв талбайд дэлгэгдэхээр болжээ. Монгол орны байгалийн үзэмж төгс гэрэл зургийн бүтээлийг дэлгэн яриаг хоёр тал хийсэн байна.

Тухайлбал БНСУ-ын аялал жуулчлалын  The naeun компаний захирал Lee Euisoo, аялал жуучлалын мэргэжлийн багш Kang Deog-Je нар Монгол улсад албан айлчлал хийсэн юм. Тус айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал уулзалтыг хийсэн бөгөөд Монгол гэрэл зурагчдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатартай уулзаж энэ талаар тохиролцжээ. 

БНСУ-ын иргэдийн аялах, жуулчлах сонирхолтой байгаа 10 улсын жагсаалтад Монгол Улс багтаж буй гэнэ. Иймд гэрэл зургийн гайхамшигт бүтээлээр дамжуулан Солонгосыг иргэдэд Монгол орныг сурталчлан таниулах, Монгол улсад аялах сэдлийг төрүүлэхэд дээрх үзэсгэлэнг чиглүүлэхээр зорьж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Монгол улсын гэрэл зурагчдын 120 бүтээл дэлгэгдэн тавигдахаар яригдсан байна. 

Уг үзэсгэлэнг 2023 оны 5 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй юм. Уг үзэсгэлэнг БНСУ-ын томоохон хотын төв талбайд байрлуулан иргэдэд танилцуулна. Мөн тус үзэсгэлэнд дэлгэгдсэн фото зургийг сонирхсон хүнд нь худалдах боломжтой. Хэрэв худалдсан нөхцөлд зургийн мөнгийг зурагчинд өгөх тухай яриаг хийж буй гэв. 

Эхний ээлжинд хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Уг санамж бичгийн хүрээнд 120 зургийг сонгох ажлыг эхлүүлсэн байна. 

БНСУ-ын тал үзэсгэлэнг зохион байгуулах талбай зэрэг бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна. Харин Монголын гэрэл зурагчдын холбооны зүгээс Монгол орны байгалийн гайхамшгийг харуулсан 120 зургийг сонгон өгөх юм. Уг үзэсгэлэнд байгаль орчны болон Монгол ахуйн зураг голлох болно гэдгийг БНСУ-ын аялал жуулчлалын багш Kang Deog-Je хэллээ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг БНСУ-ын тал онцолж байна. 

Монгол Улсын засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаад байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Монгол орныг сурталчлан таниулах ажлыг БНСУ-д үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ ажилд ийнхүү БНСУ-ын компани, хувь хүний санаачилгаар томоохон ажил эхэлж байна. Энэ бол Монгол орны байгаль, ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болох нь ээ.