Хотын дарга "JCI" байгууллагын чуулга уулзалтад оролцоно

Хотын дарга "JCI" байгууллагын чуулга уулзалтад оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "JCI" байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Синтиа Вонг болон "JCI Монгол" байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч С.Мөнхдэлгэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ оны тавдугаар сард Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо "JCI" байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт болно.

"JCI Монгол" байгууллага Хотын даргыг тус чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа. 

Тодруулбал, "JCI Монгол" байгууллага нь Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг 2025 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авахаар бэлтгэн ажиллаж байгаа юм. Уг эрхийг олгох эсэх нь энэ жилийн чуулга уулзалтаар шийдэгдэх тул Улаанбаатар хотыг сурталчилан, таниулах оролцоо чухал гэдгийг "JCI Монгол" байгууллагын зүгээс онцлов.

Монгол Улс нь тус чуулга уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан туршлагатай. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "JCI" байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад тухайн үед 51 улсын 3600 орчим залуус оролцож байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар залуучуудад урам зориг олгох, манлайлах, нийгэмд хариуцлагатай, идэвхтэй болгон төлөвшүүлэхэд "JCI" байгууллагатай хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ гэдгээ уламжлав.